С.Энхболд: Зөөвөрлөгдсөн таван сорьцод коронавирусний “Дельта” хувилбар илэрсэн

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-07-01 19:56:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас гадаадаас ирж байгаа иргэдийг 14 хоног тусгаарлах саналыг УОК-ын өнөөдрийн хуралдаанд танилцуулжээ.


Уг саналыг УОК дэмжсэн бөгөөд маргааш болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.


Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэхдээ, "Дэлхий нийтэд коронавирусний “Дельта” хувилбараас сэргийлэх үүднээс хөл хориогоо сулруулаад байсан улс орнууд тусгаарлах хоногоо нэмж, хилээ хаах, амны хаалтаа зүүх шийдвэрийг дахин хэрэгжүүлж эхлээд байна. Манай улс хэд хэдэн судалгаа хийж, Япон улс руу 50 сорьц илгээсэн. Япон улсад илгээсэн 50 сорьцоос 5-д нь “Дельта” вирус илэрсэн.  Энэ 5 нь бүгд зөөвөрлөгдсөн буюу гадаадаас ирсэн иргэдийн сорьц юм” гэв.


Харин Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээлэхдээ, “Өнөөдрийн судалгаагаар нийт халдварын 8-95 хувь “Альфа” хувилбар, 5-10 хувьд нь бусад хувилбар байна. Үүнд “Дельта” хувилбар байгаа эсэхийг эцэслэн тогтоогоогүй байгаа” хэмээсэн юм.


Ташрамд дурдахад, "Дельта" хувилбар нь дэлхийн 91 улсад тархсан бөгөөд эмчилгээ нь үндсэн эмчилгээний аргатай ижил аж. Харин тархалтын эрчим нь 55 хувиар их бөгөөд богино хугацаанд хүндэрдэг нь ихээхэн эрсдэл дагуулдаг байна. Түүнчлэн вакцины үр дүнг тодорхой хувиар бууруулдаг гэсэн судалгаа гарсан аж.

Холбоотой мэдээ