Дахин санал асуулга явуулах тухай өргөх бичигт 2 сая гаруй хүн гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-06-26 13:03:17

ЛОНДОН. /ВВС/. Бүх нийтийн санал асуулгаар Европын Холбооноос гарахыг британичуудын олонх дэмжсэнтэй холбогдуулан дахин санал асуулга явуулахыг уриалсан, парламентын цахим хуудсан дахь өргөх бичигт 2 сая гаруй хүн гарын үсэг зураад байна.

Энэ нь аливаа асуудлыг хэлэлцэхэд цуглуулсан байх шаардлагатай гарын үсгийн тооноос хэдийн давсан үзүүлэлт гэнэ. Гарын үсгийн тоо 100 мянгаас давсан тохиолдолд тус улсын парламент аливаа асуудлыг нээлттэй хэлэлцүүлгээр авч хэлэлцдэг ажээ.

Пүрэв гарагт явуулсан санал асуулгад оролцогчдын 52 хувь нь ЕХ-д үлдэхийг, 48 хувь нь ЕХ-ноос гарахыг дэмжсэн юм.

Харин дахин санал асуулга явуулах боломжгүй гэж Ерөнхий сайд Дэвид Кэмерон урьд нь мэдэгдэж байсан билээ.

Санал асуулгад оролцогчдын олонх ЕХ-ноос гарахыг дэмжсэнтэй холбогдуулан энэ оны 10 дугаар сар гэхэд ерөнхий сайдын суудлаас огцрохоо тэрбээр баасан гарагт мэдэгдсэн юм.

Бямба гарагт Лондон хотын төвд парламентын ордны өмнө ЕХ-нд үлдэхийг дэмжигч 100 гаруй хүн жагсаал хийсэн байна. Тэд ЕХ-ны далбаа болон “ЕХ-нд үлдэхийг эсэргүүцэгчид бол бүгд худал яригчид”, “британичууд бид бол европчууд” гэсэн уриа лоозон барьсан байжээ.

60 орчим настай нэгэн эмэгтэй “ЕХ-ноос гарах нь залуучуудын хувьд хамгийн буруу сонголт. Залуучууд дэлхийн компаниудад ажиллах хэрэгтэй” гэжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ