Үер усны аюулаас болгоомжлох 7 дугаар сар

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-06-30 10:16:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас 2021 оны 7 дугаар сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ. Энэ сард газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дундаж (ОЖД)-аас ахиу хур бороо орох төлөвтэй байгаа аж. Иймд  үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулжээ. Тэгвэл нутгийн өмнөд хэсэг (говиор)-ээр агаарын температур дулаан, хур бороо ОЖД–аас бага байх төлөвтэй байгаа гэж энэ сарын цаг агаарын тоймд дурджээ.


Баруун аймгуудын нутгаар. Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр агаарын дундаж температур ОЖД–аас дулаан байх бололтой. Харин Увсын ихэнх нутаг, Завханы хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх ажХовд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар ОЖД-ийн орчим хур бороо орно.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6 хэмээр сэрүүснэ. Харин нэг ба хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 28–32 хэм хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Өвөрхангай аймгийн өмнөд хэсгээр агаарын дундаж температур ОЖД–аас дулаан байна. Бусад нутгаар дунджийн орчим байх аж. Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Архангай, Хөвсгөлийн зүүн хэсгээр хур бороо ОЖД–аас ахиу орно. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6 хэмээр сэрүүснэ. Харин нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 28–32  хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар.  Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр дундаж температур ОЖД–аас дулаан байна. Бусад нутгаар ОЖД–ийн орчим байх аж.  Хэнтий, Дорнодын хойд хэсгээр хур бороо ОЖД–аас ахиу орно. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8 хэмээр сэрүүснэ. Харин гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 30–34 хэм хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө ширүүсч зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Өмнөговь, Дорноговийн нутгаар агаарын дундаж температур ОЖД–аас бага байна. Харин нийт нутгаар ОЖД–аас дулаан байх аж. Говийн бүс нутгаар хур бороо ОЖД–ийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5 хэмээр сэрүүснэ. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 32–36 хэм хүрч хална. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй гэжээ


Монгол Улсын нутаг дэвсгэрийг дээрх дөрвөн бүсэд хувааж цаг агаарын  урьдчилсан мэдээг олон нийтэд хүргэдэг. Тэгвэл:

Баруун аймгуудад: (Баян- Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төвийн аймгуудад: (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн  аймгуудад: (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говь аймгуудад: (Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь) гэж нэр томьёог тайлбарлажээЭнд дурдагдаад байгаа ОЖД гэдэгт Олон улсын цаг агаарын байгууллага 1981- 2010 оныг багтаасан байдаг юм байна. 


Цаг агаарын үзэгдлийг тухайн аймаг, бүс нутгийн 30 хувь нь хамрагдахаар байвал “зарим газраар” гэсэн нэршлийг хэрэглэнэ. Харин 70 хувь хүртэл хамрагдахаар байвал “ихэнх нутгаар”, түүнээс дээш хэмжээгээр хамрагдахаар байвал “нийт нутгаар” гэх утгаар ойлгох боломжтой байх юм.  


Долдугаар сард агаарын дундаж температур сүүлийн жилүүдэд, ялангуяа 1999–2002, 2004–2005, 2007–2010, 2014–2017 онуудад хамгийн дулаан буюу ОЖД–аас 2–3°С–аар дулаарч өдөртөө төв, зүүн, говийн аймгуудын нутгаар 34–39 хэм хүрч халж байжээ.


Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар 70–100 мм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–30 мм, хур бороо (тунадас) сарын нийлбэрээр бууж байсан байна.Харин бусад нутгаар 30–70 мм хур бороо ордогЗарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй. Тухайлбал, 1980–1981, 2000–2001, 2007, 2014, 2017 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага хур бороо орж хуурайшилт ихтэй байжээ. Харин 1990, 1997–1998, 2003, 2006, 2012, 2018 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур бороо орж байжээ.

Холбоотой мэдээ