Чехийн SHARK загварын агаарын хөлөг Монгол Улсад ирж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-06-28 12:52:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чех улсын иргэний тээврийн SHARK загварын агаарын хөлөг Монгол Улсыг зорин ниссэн талаар Чех улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ. 

Ирэх сарын 4-нд болох Хөшигийн хөндий дэх олон улсын "Чингис хаан" нисэх буудлын нээлт дээр уг онгоцыг танилцуулах талаар SHARK.AERO CZ компанийн гүйцэтгэх захирал Денис Гибадулин тодотгов. Тэрээр, Монголд ирж буй энэ шинэ загварын нисэх онгоц нь Монгол Улсын иргэний агаарын тээврийн парк шинэчлэл болон хоёр орны уламжлалт хамтын ажиллагааны хөгжилд Чех улсаас өөрийн хувь нэмрээ оруулна гэж үзэж буйгаа илэрхийллээ. 

103 үйлдвэрийн дугаартай хоёр хүний хэт хөнгөн SHARK онгоцны ​​чартер нислэг Прага хотын Вацлав Хавелын нисэх онгоцны буудлаас Монгол Улсыг чиглэн хөөрчээ. Тус онгоц Польш, Литва, Латви, Эстони, ОХУ-ын дээгүүр завсарлагатайгаар нийт 5 хоногт 6,696 км замыг туулах юм. Онгоцны бүхээгийг Монголын зураач Л.Амарсанаагийн зурсан монголчуудын бэлгэдэл 4 хүчтэн амьтнаар чимэн далавчин дээр нь үлгэрийн галт шувууг дүрсэлжээ.




Онгоцны дарга, SHARK.AERO CZ компанийн гүйцэтгэх захирал Денис Гибадулин, Монгол Улсад оршин сууж байгаа Германы нисгэгч Герхард Вакенхүтийн хамт ийнхүү Чехийн чөлөөт нислэгийн онгоцны загварыг Монголд танилцуулах юм. Тэрээр, өнөөдөр 3000 гаруй хувийн хөнгөн онгоцтой, нисэхийн үйлдвэрлэл үйлчилгээ эрчимтэй хөгжсөн Чех улсын нисэх онгоцны загварыг Монгол Улс ашиглах боломж нээгдэж байгааг тэмдэглэж байна. 

”Холын зайг боломжийн зардлаар хурдан туулахад зориулан хамгийн дэвшилтэт технологиор бүтээсэн SHARK онгоцоор өргөн уудам, том газар нутагтай Монгол Улсын дээгүүр дүүлэн нисэхийг хүсэн хүлээж байна” хэмээн Дэнис хэлжээ. Тэгвэл Герман улсын нисэгч Герхард Вакенхүт, "Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын нээлт бол Монгол Улсад ерөнхий зориулалтын нислэгийн салбарыг хурдацтай хөгжүүлэх үүд хаалгыг нээнэ хэмээн үзэж байгаагаа илэрхийлж, SHARK онгоцны өвөрмөц загвар нь цар тахлын үеийн монголчуудын тээвэрлэлтийн шаардлагад нийцнэ гэдгээ илэрхийлж, "Төв Азийн Монгол оронд ерөнхий зориулалттай нислэгийн салбарыг хөгжүүлэхэд тохиромжтой эхлэлийн нэг болж чадна. Бидний зорилго бол Чех улсын хэт хөнгөн агаарын хөлгийн салбарын сор бүтээгдэхүүнийг нийтийн болон хувийн нислэгт таниулах явдал билээ. Түүнчлэн, SHARK Монголын зах зээлийг Чехийн нисэхийн салбарынханд нээж өгөөсэй гэж хүсэж байна” хэмээн нэмж хэлэв. 

Чех улсын SHARK загварын хөнгөн онгоц нь дээд зэргийн хүчин чадлыг орчин үеийн тохилог бүхээгтэй хослуулан үйлдвэрлэсэн, дугуй хураах гидравлик систем, өвөрмөц далавчтай, нислэгийн үеэр эргэлтийг автоматаар тохируулдаг сэнстэй, хамгийн сүүлийн үеийн Dynon болон Garmin нисэхийн электрон төхөөрөмж бүхий өндөр хүчин чадалтай хоёр суудалтай хөнгөн агаарын хөлөг юм. Тус онгоц нь 100 морины хүчтэй Rotax 912 хөдөлгүүртэй бөгөөд цагт 300 км хурдалж нэг дор 2500 км зайг туулах чадалтай юм.





Холбоотой мэдээ