Жилд 19 ширхэг мод хамгаалах боломж бүрдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2021-06-25 15:07:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг цахимаар хүлээн авдаг болсноор жилд 800 боодол бичгийн цаас хэмнэж 19 ширхэг мод тайрахаас хамгаалах боломжтой.

 

Энэхүү тайлангийн явц нээлттэй бөгөөд төсөл хэрэгжүүлэгч болон мэргэжлийн байгууллагад ил тод харагдах юм. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх тус уулзалтын хүрээнд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг цахимаар хүлээн авах системийг эцэслэн дуусгаж, үнэлгээний мэргэжлийн байгууллагуудад цахим систем ашиглалтын сургалтыг зохион байгууллаа. Цахим сургалтад байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ гаргах эрх бүхий 110 мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцжээ.

 

Мөн төрийн үйлчилгээг цахимжуулах, нэгдсэн сүлжээнд нэвтрүүлэх ажлын хүрээнд Байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлтийг https://e-mongolia.mn цахим системд шилжүүлсэн. Цахим системд шилжүүлснээс хойш нийт 650 хүсэлтийг цахимаар хүлээн авч, 510 хүсэлтийг шийдвэрлэж, 140 төслийн дүгнэлтийг боловсруулах шатанд байна.

 

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангуулахаар шийдвэрийг www.eic.mn цахим хуудсанд оруулах цэсийг бий болгож, одоогоор 120 төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд олон нийтийн оролцоог хангуулсан мэдээлэл нээлттэй байршаад байна. Уг мэдээллийг нээлттэй болгосноор иргэд тухайн бүс нутагтаа хэрэгжиж байгаа төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээтэй танилцах, мэдээлэл авах боломжийг бүрдүүллээ.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд жилд 1000 орчим ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах хүсэлт, 1200 орчим тайлан ирдэг. Энэ бүгдийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэснээр жилд 800-900 боодол бичгийн цаас хэмнэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Холбоотой мэдээ