Халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдэд “Амин дэмийн багц” хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-24 20:20:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдвараар өвдсөн 1600 гаруй жирэмсэн эмэгтэйд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс дархлаа дэмжих “Амин дэмийн багц”-ыг хүргүүлж байна.

 

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар өнөөдөр Эх, нярай, эмэгтэйчүүдийн Үндэсний II төвд хэвтэн эмчлүүлж байгаа 382 жирэмсэн эхэд тус багцыг хүлээлгэн өглөө.

 

Түүнчлэн бусад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа жирэмсэн эхчүүдэд тухайн эмнэлгийн эмч, ажилтнуудаар дамжуулан “Амин дэмийн багц”-ыг хүргүүлж байгаа юм.

 

Тус багцад жирэмсэн эхчүүдийн дархлаа дэмжих бүтээгдэхүүн болон витамин, чацаргана, амны хаалтнаас гадна хотын дарга Д.Сумъяабазарын ил захидлыг багтаасан байна.

 

Ил захидалд, "Эх, үрийн эрүүл мэндийг хамгаалах үйлс бол бид бүгдийн хувьд эн тэргүүний зорилго" хэмээгээд Улаанбаатар хотын удирдлагын баг, нийт албан хаагч, Нийслэлийн онцгой комиссын бие бүрэлдэхүүн болон эмч, эмнэлгийн ажилтнууд өдгөө жирэмсэн эхчүүд бүрийн төлөө, хэвлийд нь өсөн бойжиж буй үр хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө цаг ямагт хичээнгүйлэн ажиллаж буйг илэрхийлжээ.

 

Эх, нярай, эмэгтэйчүүдийн Үндэсний II төвд өнөөдрийн байдлаар, 930 ор дэлгэсэн бөгөөд нэмж 100 ор дэлгэхээр бэлтгэж байгаа талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хэллээ.



Холбоотой мэдээ