Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-06-17 16:33:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.


Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Виртуал хөрөнгө нь шинэ технологийн үндсэн дээр үүссэн бөгөөд цаашид ч техник, технологийн хөгжлийг дагаад шинээр санхүүгийн үйлчилгээний тоо ихсэж, түүнийг дагаад гарах эрх зүйн зохицуулалтууд нэмэгдэх хандлагатай байна. Монгол Улсад криптовалютын арилжаа хийдэг хэд хэдэн цахим хуудас, нэг АТМ байгаа бөгөөд үүнтэй холбоотой үйлчилгээ нь Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөх төлбөр тооцооны үйлчилгээнд хамаарахгүй, мөн аль нэг байгууллагын хяналт, зохицуулалтад байдаггүй. Санхүүгийн хэрэглэгч өөрийн сонголтын хүрээнд биткойн арилжааг хийж, цахим хуудсаар криптовалютыг биржийн зарчмаар арилжаалж байна. Дээрх үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулах эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа нь уг санхүүгийн үйлчилгээг үзүүлэгчид тавигдах хариуцлагын тогтолцоогүй, виртуал хөрөнгө эзэмшигч өмч хөрөнгөөрөө хохирох тохиолдолд хэн хариуцах, маргааныг хэрхэн шийдвэрлэх зохицуулалт тодорхойгүй байгааг Х.Нямбаатар сайд танилцуулгадаа онцлов. 


Монгол Улс нь 2020 оны 10 дугаар сарын 24-д мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалт “саарал жагсаалт”-аас гарсан боловч ФАТФ-ын 15 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлж, виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан үндэсний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн хэвээр байгааг салбарын сайд танилцуулгадаа дурдахын зэрэгцээ  Монгол Улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчинг бүрдүүлж, ФАТФ-аас гаргасан зөвлөмж 15-ын хэрэгжилтийг ханган Монгол Улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс сэргийлэх харилцан үнэлгээнд эрсдэлтэй орны тоонд оруулах эрсдэлээс хамгаалах үүднээс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг Хууль, тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсан гэж байлаа. 

Виртуал хөрөнгийн үйлчилгээний тухай хуулийн төслөөр виртуал хөрөнгө, хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг, тэдгээрт тавигдах нийтлэг болон нэмэлт шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлж, үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх, хяналтын механизмыг бий болгож, тэдгээрийг гүйцэтгэх субьектыг Санхүүгийн зохицуулах хороо байхаар тодорхойлж, түүний эрх, үүргийг төсөлд тусгажээ. Түүнчлэн виртуал хөрөнгө, түүнийг зарж борлуулсан, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлснээс олсон орлогоос татвар оногдуулах, харин тухайн үйлчилгээ үзүүлэгчийг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн нэгэн адил Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх эрх зүйн орчныг бий болгож, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа. Мөн виртуал хөрөнгийн арилжаа, хадгалалт, түүнд үзүүлэх үйлчилгээ нь өндөр мэдээлэл технологийн програм хангамж дээр явагддаг, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг хянах нь өндөр техник технологи, боловсон хүчний өндөр ур чадвартай хүн байхыг шаардана. Иймд тухайн мэдээлэл технологийн чиглэлээр мэргэшсэн өндөр ур чадвартай боловсон хүчнийг авч ажиллуулах шаардлагын хүрээнд цалингийн итгэлцүүр, шатлалыг Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтоохоор Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах төслийг боловсруулсан гэдгийг төслийн танилцуулгад дурдсан байлаа. 


Хуулийг баталснаар виртуал хөрөнгөтэй холбоотой эрх зүйн орчин бүрдэхээс гадна ФАТФ-ын зөвлөмжийг биелүүлэх, эдийн засгийн эргэлт нэмэгдэх, гаднын хөрөнгө оруулагч нарыг татах, санхүүгийн хэрэглэгч олон төрлийн төлбөрийн хэрэгслийн сонголттой болж зардал багасах, өмчийн эрх зүйн хамгаалалттай болох, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэл буурах эерэг нөлөөтэй гэж төсөл санаачлагчид үзжээ. 


Хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ