БНАСАУ болон Африкийн хооронд "яс хаяж" буй АНУ-ыг шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-23 19:10:51

ПХЕНЬЯН. /KCNA/. БНАСАУ болон Африкийн улсууд хоорондын эдийн засгийн харилцаа болон хамтын ажиллагааг зогсоохын тулд АНУ-ын гаргасан "тэнэг" үйлдэлтэй холбогдуулан Солонгосын төв цахилгааны мэдээний агентлагийн (KCNA) тавьсан асуултад БНАСАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч дараах хариултыг өглөө.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч саяхан Африкийн зарим улсад айлчлал хийх үеэрээ “Африкийн улсуудын хувьд ч Умард Солонгосын цөмийн аюул заналхийлэл хол биш байна” гэсэн утгагүй зүйл ярьж, “цөмийн аюул”-аас  зайлсхийхийн тулд Африкийн улсууд БНАСАУ-тай тогтоосон бүх харилцаагаа таслах хэрэгтэй” гэсэн юм.

ГХЯ-ны төлөөлөгчийн мэдэгдэлд “Дэлхий нийтээрээ мэдэж байгаачлан, АНУ бол цөмийн зэвсэг үйлдвэрлэсэн дэлхийн анхны улс бөгөөд үүнийг ашигласан дэлхий дээрх цорын ганц улс. Ийм нэгэн улс гэмт хэргээ нуун халхалж баг зүүчихээд, алс холын Африкт БНАСАУ “цөмийн аюул учруулж байна” гэсэн ор үндэслэлгүй, ичгүүргүй мэдэгдэл хийж байна. БНАСАУ-ын цөмийн зэвсэг Африкийн улсуудыг онилоогүй. Харин БНАСАУ руу чиглэсэн дайсагнасан бодлого баримталсаар байгаа АНУ тэргүүтэй дэлхийн бүх хорон муу санаатнуудыг арчин хаях “шударга ёсны үнэт илд” юм. Энэ бол ямар ч аргаар хамаагүй БНАСАУ-ын нэр хүндийг унагааж, БНАСАУ болон Африкийн улсуудын хооронд зөрчилдөөн үүсгэх гэсэн АНУ-ын болхи ов мэх байхаас зайлахгүй” гэжээ.

Мөн уг мэдэгдэлд “БНАСАУ-ын Засгийн газар Африкийн улсуудтай уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн төлөө ямагт хүчин чармайлт гаргах болно” гэсэн байна.

 

Холбоотой мэдээ