АСЕМ-ын уулзалтад Бангладешийн Ерөнхий сайд Хасина оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-23 17:35:49

ДАККА. /UNB/. Монгол Улс 7 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод олон улсын төр, засгийн тэргүүн нар оролцох 11 дэх удаагийн АСЕМ-ын чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Тус уулзалтад оролцохоор Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина 7 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд Монголд айлчилна хэмээн тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдсэнийг “UNB” мэдээллийн агентлаг уламжлав. Хасина Улаанбаатар байх үеэрээ АСЕМ-ын гишүүн орнуудын төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийх төлөвтэй байна.

Ази-Европын чуулга уулзалт нь нийт 53 гишүүнийг нэгтгэсэн харилцааны албан бус үйл явц юм. Түүнд Европын Холбооны гишүүн 28 улс болон Европ тивийн  2 улс, Азийн 21 улс болон АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар багтаж байгаа юм.

AСEM-ын Дээд түвшний уулзалт нь хоёр жилд нэг удаа болдог бөгөөд түүнд төрийн болон засгийн газрын тэргүүн нар, Европын Зөвлөлийн ерөнхийлөгч, Европын Комиссын ерөнхийлөгч болон АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга оролцдог байна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ