Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах тогтоолын төслийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-06-15 18:37:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүний өргөн мэдүүлсэн Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ.


Төсөл 2 заалт, 7 дэд заалттай гэдгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал болон нөхөн үржихүйг хамгаалах, хүн ам зүй, гэр бүлийн хөгжлийг дэмжиж, монгол хүний оюуны чадавхи, бүтээмж, өрсөлдөх чадвар, хүн амын өсөлт, үндэстний дархлааг бэхжүүлэх зорилгоор авч хэрэгжүүлэх ажлыг Засгийн газарт даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороонд даалгасан зохицуулалтыг тусгажээ.


Тогтоолыг баталснаар өрх бүр “Угийн бичиг” хөтлөх, монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, үндэстний дархлааг бэхжүүлэх зэрэг ач холбогдолтой болохыг хуулийн төсөл санаачлагч танилцуулгадаа дурдав.


Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Бейсен, Х.Булгантуяа, С.Ганбаатар, С.Чинзориг, Б.Баярсайхан, М.Оюунчимэг нар асуулт асууж, УИХ-ын Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нар хариулав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бейсен монгол хүний удмын санг судалж буй шинжлэх ухааны байгууллага бий эсэх, “Угийн бичиг” хөтлөх сэдвийг ерөнхий боловсролын сургалтад оруулах эсэхийг тодруулав. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн энэ талын судалгааны томоохон ажил орхигдсон бөгөөд нийт иргэдийн дунд “Угийн бичиг” хөтлөх талаар дорвитой ажил хийгдээгүйг дурдлаа.


УИХ-ын гишүүн С.Чинзориг олон хүүхэдтэй өрхийг дэмжих зэрэг асуудлыг хасаад хүн амын удмын санг хамгаалахтай холбоотой асуудлаар дагнасан тогтоол гаргах нь зүйтэй гэсэн санал хэллээ. Гишүүд мөн тогтоолын төсөлтэй холбоотой зардал, тооцоог тодруулж, тодорхой зардал төсөвлөхгүй бол өмнөх алдаагаа давтаж, дорвитой ажил хийхгүй өнгөрөх талаар саналаа хэлэв.


Ийнхүү “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ