Засгийн газарт чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоол батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-06-15 13:34:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилттэй холбоотой хэрэгжсэн төсөл, хөтөлбөртэй танилцах, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” ажлын багийн танилцуулгыг сонслоо.


УИХ-ын гишүүн, Ажлын багийн ахлагч Ж.Чинбүрэн, "Эрүүл мэндийн салбарт БНХАУ-ын Экспорт-Импорт банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төсөл, БНСУ-ын Эдийн засаг хөгжлийн хамтын ажиллагааны сангийн санхүүжилттэй “Үндэсний оношилгоо эмчилгээний төв” МОН-8 төсөл, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Эрүүл мэндийн статистик мэдээ, бүртгэл, тайлангий Health-info багц программ хангамжийн төсөл, Люксембүргийн Засгийн газрын санхүүжилттэй “Алсын зайн анагаах ухааны үндэсний сүлжээ” төсөл хэрэгжсэн. Одоо Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын health.gov.mn системийг хөгжүүлэх, Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжиж байна. Мэдээлэл, технологийн шинэчлэлийн 10 гаруй ажил хийсэн байна" гэв.


Байнгын хорооны дарга Н.Учрал, сүүлийн таван жилийн хугацаанд 28,5 сая ам.долларын санхүүжилттэй төсөл хэрэгжсэн. Ихэнх төсөв цахимжуултад зарцуулагдаж, төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийн гэсэн мэдээллийн технологийн төв, платформ хөгжүүлсэн ч байгууллага хоорондын ажлын уялдаа дутмаг байгааг шүүмжлэв.


УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Д.Батлут нар эрүүл мэндийн салбарын байгууллагын мэдээлэл зөрүүтэй байдаг гэдгийг онцлоод мэдээллийн давхардлагыг арилгах ажлын таалаар тодруулав. Ажлын багийн гишүүд хийсэн тайлбартаа, "Мэдээллийн давхардлагыг арилгах, Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн, үндэсний хэмжээнд эрүүл мэндийн өгөгдөл солилцооны платформыг хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Харин эмнэлэг, эрүүл мэндийн өгөгдлийг салбарын хэмжээнд нэгдсэн хэлбэрээр ашиглаж чадахгүй байгаа нь өнөөдөр тулгамдсан асуудал болж байна" гэлээ.


Асуулт, хариултын дараа Ажлын багийн хяналт шалгалтын тайланг хэлэлцэж, Засгийн газарт чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоол батлав. Тогтоолд,


1. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, ажлын хөрөнгө оруулалтын үр ашгийг судалж, төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах.


2. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт мэдээллийн технологийн аудитыг төрийн аудитын байгууллагаар гүйцэтгүүлж, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих.


3. Иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Цахим эрүүл мэнд” төслийг эрчимжүүлж, эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн системийг цахим үйлчилгээний нэгдсэн систем  /e-Mongolia/-д холбох асуудлыг судалж, холбогдох ажлыг хэрэгжүүлэх.


4. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхтэй холбоотой гадаадын зээл, тусламжаар болон улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн уялдааг хангаж, давхардлыг арилгах, нэгдсэн бодлого, удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг салбарын яаманд үүрэг болгох.


5. Эрүүл мэндийн салбарын цахим мэдээллийн нэгдсэн сантай байх, мэдээллийн аюулгүй байдал, нууцлал, хадгалалт, хамгаалалтыг хангах зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн Үндэсний дата төвийг түшиглэн цахим мэдээллийн сангийн ашиглалтыг сайжруулах, түүнтэй холбоотой дүрэм, журмыг боловсруулан мөрдүүлж ажиллах.

Холбоотой мэдээ