62 жил ашигласан хогийн цэгийг булж устгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-06-15 10:50:31

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Атрын анхны сангийн аж ахуй байхаас эхлэн ашигласан Хонгор сумын хогийн цэгийг булж устгалаа.

Тодруулбал Хонгор сумын ЗДТГ-ын “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК хоорондын байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах гэрээний дагуу 62 жил ашигласан хогийн цэгийг булж устгах ажлыг хийж дуусгажээ. 10 орчим га талбайг хамрах энэхүү хогийн цэгийг “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”-ийн ажилчид техникийн тусламжтайгаар 24 цаг тасралтгүй ээлжээр ажиллан, долоо хоногт хийж гүйцэтгэжээ. 60 гаруй жил хуримтлагдсан хогийн цэгт урд өмнөх жилүүдэд дөрвөн талаас нь дотогш хумих ажлыг хийж байснаас булж устгах ажил хийж байгаагүй ажээ.

Түүнчлэн булж устгах үед ил задгай орхигдсон болон салхинд хийссэн хогийг зорилтот бүлгийн хүнсний талонд хамрагддаг иргэдийг ажиллуулж цэвэрлэсэн байна.

Цаашид байгаль орчны чиглэлээр Хонгор сумын ЗДТГ,  “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК хамтран ажиллах гэрээний хүрээнд Салхит гуравдугаар багийн хогийн цэгийг мөн адил дарж булах, сумын доторх авто замыг засч сайжруулах, байгалийн гамшиг ослын үед эвдэрч гэмтсэн гүүр, хоолойг сэргээн засах ажлуудыг хийх ажээ.

 

Холбоотой мэдээ