“Найрамдлын өндөрлөг” хөшөөг сэргээн засварлаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ жил Дархан хот байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа. Уг ойн хүрээнд “Найрамдлын өндөрлөг" хөшөөг сэргээн засварлах ажил хийж байна. Хөшөө, дурсгалыг ямар утга агуулга илэрхийлэн бүтээн байгуулснаас үүдэн тухайн улс, хотын соёлын үнэт өвд тооцогддог. Тэр ч утгаараа аймгийн Зураач, урчуудын эвлэл, МҮХАҮТ-ын Дархан дахь салбар хамтран санаачлан сэргээн засах ажлыг хийж байна. ААНБ-уудын хандив, тусламжийн дэмжлэгээр их засвар хийж буй зургаан монгол гутал буюу Найрамдлын өндөрлөгийг 36 жилийн өмнө 1985-07-15-ны өдөр Дархан хотын соёл, урлагийн 10 хоногийн үйл ажиллагааны нээлтийн үеэр ашиглалтад оруулж байжээ.
Дарханы хотын хөшөө, дурсгалаас хамгийн өндөр энэхүү хөшөө нь суурь хэсгээсээ чийг авч суулт өгч эхэлсэн бөгөөд өнгө зүсээ алдаж, эвдэрч сүйдсэн хэсгүүд олон байгааг урчуудын эвлэлийнхэн хэлж байлаа. Дархан хотын соёлын үнэт өв уг хөшөөг сайн дураараа сэргээн засварлаж буй бөгөөд Найрамдлын хотын “Найрамдлын өндөрлөг” түүхт 60 жилийнхээ ойгоороо дахин шинэчлэгдэж байгаа нь бидний ойдоо зориулж хийж буй хөрөнгөр оруулалт гэж санаачлан зохион байгуулагчид хэллээ.