Моно жүжгийн олон улсын шилдгүүд Монголд ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-09-30 14:53:58

“The Parade of Winners" буюу "Ялагчдын цуваа" Моно жүжгийн олон улсын фестивалийг  энэ сарын 30-наас ирэх сарын 6-ны хооронд Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулна. 

Энэ талаар уран бүтээлчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Фестивальд Монгол, Герман, Латви, Молдав, Швед, Киргиз зэрэг орны уран бүтээлчид оролцох юм. Энэхүү наадамд жүжигчин хүн өөрийгөө нээх, ур чадвараа хөгжүүлэх, Монголын драмын урлаг, Монголын Моно жүжгийн хөгжилд болон энэ төрөлд хүч үзэж буй жүжигчдэд чухал ач холбогдолтойгоос гадна тэднийг олон улсын тавцанд хүч сорих боломж олгож буйгаараа онцлогтой. Мөн олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид уригдан ирж оролцож байгаа юм.

УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан хэлэхдээ, “Энэ наадамд Олон улсын моно жүжгийн фестивалийн ялагчид оролцож байгаа учраас “Ялагчдын цуваа” хэмээн нэрлэсэн. Манай жүжигчид олон улсын уран бүтээлчдийн тоглолт, ур чадвараас суралцах, үзэгчдэд моно жүжгийг таниулах, улмаар цаашид олон улсын наадам фестивалиудад оролцож Монгол Улсаа, Монголын драмын урлагийг сурталчлан таниулах зорилгоор энэ фестивалийг зохион байгуулах санаа төрсөн. Энэ фестиваль бол уралдаан тэмцээн биш гадны жүжигчдээс туршлага солилцох баярт наадам” хэмээн онцлов.

Тус наадмыг маргааш Германы жүжигчин Вилли Шлүттер “Одиссей” жүжгээр нээх юм. Харин ирэх сарын 2-нд Молдавын жүжигчин Дмитру Дубина “Миний амьдралыг буцааж өгөөч”, Литвийн Клайпеда хотын Замка театрын жүжигчин Стэфан Цвайг “Амок”, 3-нд Киргизийн Бишкек хотын драмын театрын жүжигчин Кулайм Каныметова “Эхийн тал”, 4-нд Шведийн жүжигчин Элиас Фенгэрш “Миний амьдралын аяз хэмнэл” жүжгийг тус тус толилуулах юм.

Наадмыг Монголын жүжигчдийн дунд зарласан 2015 оны Монодрамын уралдааны үндэсний ялагч болох УДЭТ-ын жүжигчин Б.Одгэрэл “Ном”, Эрдэнэт хотын Хүүхэд залуучуудын театрын жүжигчин Г.Мишээл “Чаплинд нулимс бий юу” жүжгээр  хаах юм байна. 

 

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд