Японы сэтгүүлч Сирид сураггүй болсноос хойш нэг жил өнгөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-23 13:29:36

ТОКИО. /NHK/. Нэг жилийн өмнө Сирид очсон Японы чөлөөт сэтгүүлч Жүмпэй Ясүда сураггүй хэвээр байна.

Өнгөрсөн оны зургадугаар сарын 22-нд тэрбээр Туркийн өмнөд нутгийн Антакя хотоос Сирийн баруун хойд нутгийн Идлиб мужид нэвтэрсэн гэж үзэж байгаа аж.

Ясүда Сирид очсоныхоо дараа “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой “Нусра-Фронт” бүлэглэлийнхэнд олзлогдсон байж магадгүй гэж таамаглаж байна.

Энэ оны гуравдугаар сард Ясүдаг харуулсан дүрс бичлэг интернэтэд тавигджээ.

Мөн тавдугаар сард Ясүда мөн байж магадгүй нэгэн залуугийн зураг интернэтэд тавигдсан байсан аж. Тэр залуу японоор “Надад туслаач. Энэ бол сүүлчийн боломж” гэсэн бичигтэй цаас барьсан байжээ.

Уг дүрс бичлэг болон зургийг интернэтэд тавьсан сири залуу “Би эдгээр бичлэгийг “Нусра-Фронт”-той ойр харилцдаг нэгэн хүнээс авсан” хэмээн ярьж байв.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ