Залуучуудын санаачилгыг дэмжин ажиллахыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-06-11 12:22:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Залуучуудын холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй У.Хүрэлсүхэд хандан ил захидал илгээжээ.


Залуучуудын байгууллага ил захидалдаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль амжилттай болж өнгөрлөө. Сонгуульд олонхын санал авч, ялалт байгуулсан У.Хүрэлсүх танд Монголын Залуучуудын Холбооноос баяр хүргэн амжилт хүсэхийн ялдамд Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулан хөгжлийн түүчээ болсон залуучуудынхаа санал санаачилгыг дэмжин ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлж байна гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх таны мөрийн хөтөлбөртөө тусгасан Монгол Улсын аймаг дүүрэг, сум, баг, хороо болгоноос дэлхийн жишгийн их, дээд сургуульд оюутан бэлтгэн суралцуулна гэсэн санаачилга нь залуучуудын урам зоригийг сэргээж, итгэлийг нэмэгдүүлсэн билээ. Иймээс Монголын залуучуудын боловсролыг дэмжсэнээр эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулах энэхүү ажлаа заавал биелүүлээрэй хэмээн залуучууд хүсэж байна. Монголчууд баялгийнхаа эзэн болох тухай таны уриалга биеллээ олох болтугай гэж хүсэн ерөөж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнэ, Дангаасүрэнгийн Энхбат нарт ч цаашдынх нь ажилд амжилт хүсэн, санал өгсөн иргэдийнхээ итгэлийг үргэлжлүүлэн хадгалж ажиллаарай гэж хүсэн ерөөе.

Энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцсон залуучууддаа мөн талархал илэрхийлье. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад 18-19 насныхан өмнөх сонгуулиудаас илүү идэвхтэй байж, 30-39 насныхан нийт сонгогчдоос хамгийн идэвхтэй буюу 41 орчим хувь оролцсон нь чамлахааргүй үзүүлэлт бөгөөд залуучууд та бүхэн амжилтаа улам ахиулан, сайн бүхнийг манлайлан хөгжлийн түүчээ болж байх болтугай гэж хүсэн ерөөе гэсэн байна. 




Холбоотой мэдээ