Шинэ нисэх буудлыг яаралтай нээх асуудлыг шийдэхээр боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-06-10 13:03:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Чингис хаан нисэх буудал, Богдхан төмөр замын барилгын явцтай танилцлаа.


ИНЕГ-аас танилцуулснаар шинэ нисэх буудалд 38 хүний бүрэлдэхүүнтэй Шуурхай удирдлагын төвийг байгуулан ажиллаж байна. Буянт-Ухаа нисэх онгоцны буудал дээр байгаа агаарын хөлгүүдийг шинэ нисэх онгоцны буудал руу туршилтын нислэг хийлгэнэ. Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцыг шинэ буудалд газардуулахаар болсон.


Долдугаар сарын 4-нөөс Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг Чингис хаан нисэх буудал руу шилжүүлэхээр болжээ.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, Үндэсний их баяр наадмаар жуулчид Монголыг зорин ирэх боломжийг хангаж өгөхийг хөндөв. "Юуны өмнө вакцинд бүрэн хамрагдсан иргэдийг хүлээн авна. Шаардлагатай бол Монголд ирээд вакцинд хамрагдаад, тусгаарлагдах боломжийг олгоё. Шинэ нисэх онгоцны буудал нээхтэй холбоотойгоор Буянт-Ухаагаас нүүлгэн шилжүүлэх, нислэгийн үйл ажиллагааг тогтворжуулах асуудлыг ойрын хугацаанд Засгийн газарт оруулах хэрэгтэйг хэллээ. 


Тэрээр цааш нь хэлэхдээ, "Шаардлагатай бол Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Энд Улаанбаатар хоттой дүйцэхүйц хэмжээний эдийн засгийн таталцлын бүс бий болох ёстой. Ажлын байр, ложистик тээврийн төвүүд энд байрлах нь зүйтэй. Мөн "Богдхан" төмөр замын төслийг 7 дугаар сарын 4-нөөс наадмын өмнө эхлүүлэх хэрэгтэй. Маршрут нь хувийн хэвшлийнхэн дээр тулгуурлана. Улаанбаатар хотын худалдааны төвүүд наашаа гарах эдийн засгийн суурь хөшүүргийн хувийн хэвшлийнхтэй хамтарч хийх нь чухал байгаа"-г тэрээр онцоллоо. 



"Хөдөө орон нутгаас ирж буй иргэд Улаанбаатар хоттой адилхан хэмжээний бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын төв урсгалаар орохгүйгээр Хөшигийн хөндийгөөс татдаг болох хэрэгтэй. Улаанбаатар хотоос нүүе гэсэн зах, логистикийн төвүүдэд энд хамгийн сайн байрлал, давуу эрхийг олгоё. Логистикийн тээврийн төвүүдтэй огтлолцох, Улаанбаатар хотыг тойрсон их тойруу хурдны замын зураг Хөшигийн хөндийгөөр эхлээд дайрахаар байдлыг гаргах хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, нийслэл хот руу заавал орохгүйгээр зүүн, баруун талаас орж ирэх, нийслэлийг тойрох, Майдар хотын бүтээн байгуулалтыг дайрч өнгөрөх талаар яаралтай шийдвэрлэ. Нэг жилийн дотор зөвхөн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал бус эдийн засгийн, Монгол Улсын томоохон чөлөөт бүс болж хөгжих зураг төсөл, ТЭЗҮ-г гаргаад эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Ийм үүрэг даалгаврыг би өгч байна" гэв.


Холбоотой мэдээ