"Цэцэг" өвчин дахин дэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-22 16:09:47
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймагт өнгөрсөн өвлөөс дэгдэж, урин дулаанаас өмнө намжсан хонины "Цэцэг өвчин" энэ сараас хэд хэдэн суманд дахин тархжээ.

6-р сарын 7-нд Архуст, 9-нд Баяндэлгэр, 11-нд Эрдэнэ суманд гарсны улмаас хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Гоц халдварт уг өвчний тархалтыг зогсоохоор 660,3 мянган тун вакциныг Архуст , Баяндэлгэр, Баянжаргалан , Мөнгөнморьт, Сэргэлэн, Баянжаргалан сумын 93,1-98,5 хувь, Баянчандмань сумын богийг төлийн хамт, Баян, Алтанбулаг, Зуунмод, Баянцагаан сумын 45,9-84,3 хувийг тус бүр вакцинжуулжээ.

Цэцэг өвчин тархаж болзошгүй 12 сумын 137,7 мянган толгой хонинд вакцин хийхээр Улсын мал эмнэлэг, үржлийн газарт захиалга хүргэсэн ба энэ долоо хоногт багтаж, дээрх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн талаар ХХААГ мэдээллээ.

Цаашид Дэлхийн Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллага Монгол Улсад энэ өвчинтэй тэмцэх төсөл хэрэгжүүлэхээр  болж, Төв аймаг хамрагдахаар бэлтгэл хангаж байгаа юм.

Уг өвчин 2016 оны 1-р сарын 8-наас 10 сумын 41 голомтонд 1516 толгой  хонинд илэрч,1432-ыг нь устгажээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ