Биатлоны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Александр Поповыг хүлээн шагнав

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-06-08 08:59:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын биатлоны шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Поповыг Монголын биатлоны хөгжилд оруулж буй түүний хувь нэмрийг үнэлж Биеийн тамир, спортын салбарын хүндэт тэмдгээр шагнав.

 

Өчигдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр Монгол Улсын биатлоны шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Попов болон Монголын биатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наран-Идэр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм.


 

Уулзалтаар Монголын биатлончдын хамтарсан бэлтгэл сургуулилт, амжилт, алдаа оноо, төлөвлөж буй ажил, тэмцээн уралдааны талаар санал солилцлоо.

 

БТСУХ-ноос өвлийн спортыг хөгжүүлэх цогц төлөвлөгөөний дагуу биатлоны спортыг өнгөрсөн 2020 онд Үндэсний шигшээ багийн төрөлд албан ёсоор оруулсан. Энэ дагуу 2 дасгалжуулагч 8 тамирчин шигшээ багийн бүрэлдэхүүнд бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Тухайлбал, өнгөрсөн онд биатлоны шигшээ багийн 8 тамирчин 2 дасгалжуулагч 4 улс дамнан хамтарсан бэлтгэлд хамрагдаж, мөн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид анх удаа оролцсон юм.


 

Олимп, дэлхийн аварга А.Попов шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах болсондоо сэтгэл хангалуун гэдгээ онцолж, хамтын хүчин чармайлтаар биатлоны спортыг хүн ардын дунд өргөн тархсан спортын төрөл шиг хөгжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн.

Холбоотой мэдээ