“Монгол судлалын өнөөгийн байдал” сэдэвт уулзалт болов

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-06-04 18:46:17

Бээжин /МОНЦАМЭ/. “Монгол судлалын өнөөгийн байдал” сэдэвт монголч эрдэмтдийн уулзалт өнөөдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд болов. 


    Уулзалтыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ санаачлан зохион байгуулсан бөгөөд уулзалтад Элчин сайд Т.Бадрал, Элчин зөвлөх Д.Булган, Монгол Улсаас Шанхай хотод суугаа Ерөнхий консул Ё.Нямжав, Хөххотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг, Эрээн хотод суугаа Консул Т.Мөнхгэрэл, Манжуур хотод суугаа консул Я.Ганбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Хятад улс дахь, монгол судлалын төлөөлөгчид болох тус улсын Нийгмийн Шинжлэх ухааны академийн /НШУА/ Үндэсний хэл соёлын хүрээлэнгийн дэд дарга Цог, тус улсын Монгол хэл, утга зохиолын холбооны дэд дарга Бао Манлай, НШУА-ийн монгол хэл, утга зохиолын эрхлэгч Сэцэнбат, тус академийн Монгол судлалын хүрээлэнгийн эрхлэгч Бао Шөлин, тус академийн Монгол судлалын төвийн дэд эрхлэгч Цодбаатар, судлаач Ду Шивэй, Хятадын Ардын их сургуулийн багш Төрбаяр, Үндэсний Хэвлэлийн хорооны редактор Алтанбагана, Монгол анагаах ухааны эрдэмтэн Хувьсгалт зэрэг төлөөлөгчид оролцсон юм.


Тус уулзалтын талаар Монгол Улсаас Манжуур хотод суугаа Консул, Соёлын гавьяат зүтгэлтэн Я.Ганбаатараас тодруулав.


- Энэ удаагийн уулзалтын онцлог, ач холбогдол, үр дүнг хэрхэн үзэж байна вэ?

-Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас санаачлан зохион байгуулж, Бээжин хотын монгол судлалын байгууллагуудын төлөөлөл болсон эрдэмтэн, судлаачдыг урьж уулзалт хийлээ. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлийн уулзалт, санал солилцох үйл ажиллагаа явагдаж ирсэн уламжлал бий.

Миний санаж байгаагаар 2005 онд Л.Амарсанаа Элчин сайдын үед цомхон хүрээнд цөөн хэдэн эрдэмтнийг урьж, монгол судлалын тухайн үеийн нөхцөл байдал, цаашдын зорилтын талаар мэдээлэл солилцож байсан. Улаанбаатарт төвтэй Олон улсын монгол судлалын холбооноос хийж буй ажлын талаар суугаа орны эрдэмтэн судлаачдад мэдээлэл хүргэх үйл ажиллагаа зохион байгуулж байсан. Мөн 2009 онд Г.Батсүх Элчин сайдын үед тухайн үеийн олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, их эрдэмтэн, академич Ш.Бира гуайг урьж, Хятадын монголч эрдэмтдэд лекц уншуулж байсан. Энэ их сайхан үйл явдал болж, маш олон эрдэмтэн хүрэлцэн ирж байсныг санаж байна. Түүнээс хойших үе үеийн элчин сайд нар суугаа орондоо монгол судлалыг хөгжүүлэх, монгол судлалын байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр ийм төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байсан.

Цар тахал дэгдсэний улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ нь тасалдаад байсан бөгөөд энэ удаа Элчин сайд Т.Бадралын санаачилга, дэмжлэгтэйгээр маш амжилттай боллоо.

Уулзалтын үеэр олон сайхан санал, санаачилга гарсан. Хятадын нэрт монгол судлаач, 10 гаруй  эрдэмтэн ирж оролцлоо. Тэд өөр өөрсдийн чиглэлээр хийж буй судалгааны ажлын талаар мэдээлэл өгч, цаашид энэ чиглэлээр хоёр талын эрдэмтэн судлаачид хамтран ажиллах боломжтой санал, чиглэлүүдийг гарган танилцууллаа. 

Өнөөдөр шинжлэх ухаан өндөр хөгжсөн үед хамтын ажиллагааг өргөн агуулгаар баяжуулж, янз бүрийн хэлбэрээр өргөжүүлэх боломж гарсныг эрдэмтэд хэлж байна. Жишээлбэл, хамтарсан баримтат кино, телевизийн нэвтрүүлэг, эрдэм шинжилгээний хурал хийх, монгол судлалын түүхтэй том том газруудаар хамтарсан экспедиц явуулах зэрэг санаачилга гарч байна. Хоёр орны найрамдалт харилцааны түүхийг харуулсан баримтат кино хийе гэдэг санал гарч байна. Бид 2019 онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөөний хүрээнд энэ санааг тусгасан байсан ч хийж чадаагүй. Одоо бидэнд боломж гарч байна. Бид энэ саналыг дэмжин, хүлээн авч төв рүүгээ уламжилъя гэж бодож байна. Манай ГХЯ, ШУА, киноны салбарынхан маань хүлээж авах байх. Одоо бид эдгээрийг бодит ажил болгох л үлдэж байна.


-       Олон улсын монгол судлалд Хятад улсын монгол судлалын салбар тэргүүлэх байр суурь эзэлдэг. Хятад улс дахь монгол судлалын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг та юу гэж үзэж байна вэ?

Дэлхий дээр бие даасан судлал болтлоо хөгжсөн ямар нэгэн улс үндэстний судалгааны чиглэл цөөхөн байдаг. Тэдгээрийн дотор монгол судлал, монгол үндэстний түүх соёлыг судалдаг буюу бие даасан шинжлэх ухаан болтлоо хөгжсөн, 200 орчим жилийн түүхтэй салбар л даа. Энэ салбарт идэвхтэй судалгаа хийдэг 30-аад улс бий. Эдгээрийн тэргүүнд нь монгол судлал идэвхтэй хөгжсөн БНХАУ ордог. Асар их судлагдахуун, түүх соёлын өв, дурсгалууд, хот балгас, туурь, хэрэм цамхаг гэх мэт. Мөн маш олон эрдэмтэд төрж гарч, маш олон бүтээл туурвисан. Өнөөдөр ч мөн адил Хятадын монгол судлал маш их зүйлийг хийж байна. Хятадын монгол судлалын салбар гэхэд хэдэн арван институт, тэнд ажиллаж байгаа эрдэмтэн судлаачид гэхэд хэдэн зуу, мянгаар тоологдоно. Тиймээс бид онцгой ач холбогдол өгч, хамтран ажиллах ёстой юм.

   

Холбоотой мэдээ