“JBS”-н үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-03 12:56:46

НЬЮ-ЙОРК. /TASS/. Кибер халдлагад өртсөн “JBS” мах боловсруулах компани пүрэв гарагт үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг бүрэн сэргээхээ мэдэгджээ.


“Мэргэжилтнүүд компанийн интернет системийг амжилттай сэргээж чадсан. Төлөвлөгөөний дагуу АНУ, Австрали дахь үйлдвэрүүдийн дийлэнх нь хэвийн горимдоо эргэж орно. Пүрэв гаргаас дэлхий даяар манай салбар үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаар ажиллана” хэмээн “JBS” компанийн тэргүүн Андре Ногейра мэдэгдсэн байна. 


Гэсэн ч хакерууд ажилтнууд, үйлчлүүлэгчид, нийлүүлэгчдийн хувийн мэдээллийг хулгайлсан гэх нотолгоо кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд байхгүй гэдгийг компанийн удирдлага цохон тэмдэглэв.


Америк, Австралийн салбар компаниуд нь кибер халдлагад өртсөн тухай “JBS” компани өмнө нь мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан Оросод байрладаг байж болзошгүй гэмт хэргийн бүлэг хортой программ хангамж ашиглан халдлага үйлдсэн гэж Цагаан ордон мэдэгдсэн байна.


Бүс нутгийн хэмжээнээс үндэстэн дамнасан компани болох замыг туулсан “JBS”

Дэлхийн хамгийн том мах нийлүүлэгч компани “JBS” нь 15 улсад 150 гаруй үйлдвэртэй.

Компанийг Бразилын фермер Хосе Батиста Собриньо 1953 онд байгуулжээ.

Одоогоор тус компани дэлхий даяар нийт 150 мянга гаруй ажилтантай аж.

Компанийн үйлчлүүлэгч дунд супермаркетууд, “McDonald's” түргэн хоолны цэгүүд багтдаг.

АНУ-д “JBS” компани үхрийн махны нийлүүлэлтийн 25 хувь, гахайн махны 20 хувь орчмыг хангадаг.

Холбоотой мэдээ