Гэрийн тусгаарлалт зөрчсөн иргэдийг олон нийтэд мэдээлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-06-02 20:44:44

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт гэрийн тусгаарлалт зөрчсөн иргэдэд хатуу хариуцлага тооцож, олон нийтэд мэдээлнэ гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-Өчигдөр Улиастай суманд хоёр иргэн коронавирусний халдвар авснаар нийт батлагдсан тохиолдол 497 боллоо. Хоёр иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт эмчилж байна. Халдвар авсан нь батлагдсан нэг иргэн гэрийн тусгаарлалт зөрчин Цагаанхайрхан сум руу хулгайн замаар явсан тул ойрын хавьтлын долоо, дам хавьтлын 20 иргэнийг тогтоогоод байна. Гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчсөнөөс олон иргэнийг эрсдэлд оруулсан байна. Тиймээс цаашид гэрийн тусгаарлалт зөрчсөн иргэдэд хатуу хариуцлага тооцож олон нийтэд мэдээлэхээр шийдвэрлэлээ. Аймгийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад 924 иргэн, тусгаарлах байранд нэг иргэн байна. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын эхний тунд 39.481 иргэн хамрагдаж нийт хамрагдах ёстой хүн амын 83.4 хувь нь хамрагджээ. Харин бүрэн тунд 24.514 иргэнийг хамруулж 51.8 хувьтай дархлаажуулжээ. Иргэдийн дархлаажуулалтад хамрагдах идэвх муу байна гэв.


Тосонцэнгэл сумыг улбар шар түвшинд шилжүүллээ

Өнөөдөр аймгийн Шуурхай штаб үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргаад байна.

Тухайлбал Улаанбаатар хотоос автобус болон онгоцоор ирэх иргэд вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 14-өөс дээш хоносон байх шаардлагыг тавьж байна. Мөн Улаанбаатар хот болон бусад аймгаас вакцины бүрэн тунд хамрагдаагүй, зайлшгүй шаардлагатай тохиолдлоор ирэх иргэдийг зөвхөн хувийн тээврийн хэрэгслээр хүлээж авна. Ингэхдээ 72 цагийн хүчинтэй PCR шинжилгээний хариутай байна. Мөн аймгийн нийт иргэд вакцины хоёр дахь тундаа хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа дуустал Улаанбаатар хот болон бусад аймгаас зөвхөн өөрийн аймгийн харьяат иргэдээ хүлээн авна.

Завхан аймгаас зайлшгүй шаардлагатай тохиолдлоор Улаанбаатар хот болон бусад аймаг руу явсан иргэд буцаж ирэхдээ вакцины бүрэн тундаа хамрагдсанаас хойш 14 хоносон байх шаардлагатай. Харин Улиастай сумын ЗДТГ, Шуурхай штаб гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хатуу хяналт тавьж ажиллахаар боллоо. Цаашид тусгаарлалт зөрчсөн иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцож, олон нийтэд мэдээлнэ гэдгийг дахин сануулж байна.

Аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хориог сулруулсан байгаа. Тиймээс худалдаа үйлчилгээний төвүүд ковидын бүртгэлийн программыг ашиглаж байгаа эсэх, халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдүүлж буйд мэргэжлийн байгууллагууд тогтмол хяналт тавьж, шаардлага биелүүлээгүй тохиолдолд үйл ажиллагааг нь хязгаарлах хүртэлх арга хэмжээ авч ажиллахаар боллоо.

Энэ хурлаас Тосонцэнгэл сумыг “улбар шар”, Их-Уул сумыг “шар” түвшинд шилжүүлж, хөл хориог шат дараатай сулруулахаар тус тус шийдвэрлэлээ гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

Ташрамд аймгийн Нэгдсэн эмнэлэгт коронавирусний эсрэг дархлаа тогтолтын түвшнийг тодорхойлдог шинжилгээ хийж эхэлсэн тул иргэд сайн дураараа хамрагдах боломжтой ажээ.

 

Холбоотой мэдээ