Аляска дахь орд газрыг хөгжүүлэх хөтөлбөрийг түр зогсоожээ

Дэлхийд | Байгаль орчин
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-02 15:10:00

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Аляска дахь газрын тос, хийн орд газруудыг хөгжүүлэх зорилгоор холбооны газруудыг түрээслэх хөтөлбөрийг түр зогсоожээ.


Энэ тухай АНУ-ын Дотоод хэргийн яамны цахим хуудсанд мэдээлэв.


Энэхүү хөтөлбөрийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүтэй өмнөх засаг захиргаа дэмжиж байсан юм. Арктикийн зэрлэг байгалийн үндэсний дархан цаазат газрын эрчим хүчний компаниудад боловсруулалт хийхэд нь зориулж газар түрээслүүлэхийг уг хөтөлбөрт тусгасан байдаг аж. Өнгөрсөн нэгдүгээр сард ерөнхийлөгчийн бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнөхөн Д.Трамп 160 мянга га газрыг түрээслэх тухай хэлэлцээрийг баталжээ.


Харин Ж.Байдены засаг захиргаа үйл ажиллагаагаа явуулж эхлэх үедээ уг санаачилгыг хэрэгжүүлэхийг хойшлуулж байсан бол мягмар гарагт орд газрыг хөгжүүлэх хөтөлбөрийг түр зогсоов. Хөтөлбөрийг байгаль орчинд ямар нөлөө үзүүлж болзошгүй вэ гэдгийг бүх талаас нь судлан шинжилж, зарим эрх зүйн асуудлууд шийдэгдэх хүртэл зогсоохоор болсон байна.


Төрийн мэдлийн газар, далайн гүехэн хэсгийн газруудад газрын тос, хийн орд газрыг хөгжүүлэхэд шинэ зөвшөөрөл олгохыг бүрэн зогсоохоор төлөвлөж буйгаа Ж.Байден сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр дурджээ. Энэ санаачилга нь түүний үндсэндээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон эрчим хүчийг хөгжүүлэх зарчмууд дээр тулгуурласанд бодлогод нь нийцдэг аж.  

Холбоотой мэдээ