Төрийн дээд одон медалиар шагнуулсан алдартнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-06-02 11:55:17

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын ардын багш цол хүртсэн МУГБ Ч.Отгонбаяр, гавьяат эмч Ц.Ишдорж, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг нарыг аймаг орны удирдлага хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, баяр хүргэлээ.


Ардын багш Ч.Отгонбаяр хүүхэд бүрийг хоцрогдолгүй сургаж чаджээ


Ч.Отгонбаяр багш боловсролын салбарт 35 жил тасралтгүй ажиллах хугацаанд дөрвөн удаа 10 дугаар анги удирдан төгсгөхдөө монгол болон кирилл бичгийн сургалттай 1 дүгээр ангийг 10 дугаар анги хүртэл нь хоёр ангийг давхар даан төгсгөсөн.

Эх хэл, үндэсний бичиг, уран зохиолын хичээлийг сургалтын баялаг хэрэглэгдэхүүнд тулгуурлан сонирхолтой хэлбэрээр зааж, үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэх, сэтгэхүйг хөгжүүлэх, хүүхэд нэг бүрийг хоцрогдолгүй сургаж ажиллажээ. Багшийнхаа мэргэжлийг өвлөсөн 100 гаруй шавь нь орон нутагтаа багшилж байгаа бөгөөд тэдний дотроос хэл шинжлэлийн ухааны хоёр доктор төрсөн аж.

Монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын хичээлийн сургалтын технологийн уламжлал, шинэчлэлийг хослуулан, сурагчдын авьяас, чадварыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Тэрээр одоо аймгийн БСУГ-ын даргаар ажиллаж байна.

Аймгийн БСУГ-ын даргаар сүүлийн арваад жил ажиллахдаа Сайншанд, Замын-Үүд суманд хүүхдийн хоёр цэцэрлэг шинээр бариулж стандарт шаардлага хангасан орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлснээр хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж 98,5 хувьд хүрчээ.


Ц.Ишдорж: Мэс заслын хагалгааг нэг хүн хийдэггүй

 

Шинэхэн гавьяат Ц.Ишдорж эмч 1990 онд АШУҮИС/хуучнаар Анагаах ухааны дээд сургууль/-ийг төгссөнөөс хойш Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас ажлын гараагаа эхэлж 30 гаруй жил хүн ардын эрүүл энхийн манаанд  хүчин зүтгэжээ.

Түүний аав Ш.Цэдэн-Иш 1964 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд Төв аймгийн Өнжүүл, Дундговьд эмчээр ажиллаж байгаад 1957 оноос Дорноговь аймагт  олон жил эрүүл мэндийн салбарын удирдах ажил хийсэн  байна. Мөн тэдний гэр бүлийнхэн ч эмч нар аж. Тэрээр дотоод шүүрлийн булчирхайн мэргэжлийн мэс заслын эмч.

Дорноговийнхон Улаанбаатарт ирэхдээ нутгийнхаа Ишдорж эмчийг хайж сураглаж эмнэлгийн тусламж үйлчилгээ олонтаа авдаг. Мөн Ишдорж эмч нутгийнхандаа чадах бүхнээрээ тусалж иржээ. Тэрээр мэс заслын хагалгааг нэг хүн хийдэггүй. Тухайн орчинд ажиллаж байгаа мэдээгүйжүүлэгч эмч, мэс заслын сувилагч, цахилгаанчин, инженер техникийн ажилтнууд гээд олон хүний хүч хөдөлмөр шингэдэг. Тийм учраас хамт олондоо баярлалаа. Мөн Дорноговь аймгийнхаа ард иргэдэд талархаж буйгаа илэрхийлсэн юм.


Б.Ганхуяг: Хамтарч ажилладаг бизнесийн түншүүд, бүх хүмүүст талархал илэрхийлье 

Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг “Дорнын говь ХХК-ийн ерөнхий захирлаар ажилладаг бөгөөд орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Тэрээр  бизнесийг хамтын хүчээр хийдэг. Тиймээс хамтарч ажилладаг бизнесийн түншүүд болон  аймгийнхаа иргэд хөдөлмөрчид, удирдлагуудад  талархал илэрхийлье гэсэн юм.
Тус компани Сайншанд суманд АШУҮИС-ийн дэргэдэх “Мандах наран” түшиц эмнэлэг, “Ургах наран” цэцэрлэгийн барилга болон сумдад олон бүтээн байгуулалтыг барьж хүлээлгэн өгчээ.

Мөн усны аж ахуйн салбарт олон жил ажиллаж Дорноговь, Багануур, Сэлэнгэ аймгийн иргэдийг хүнсээр хангах зорилготой мах боловсруулах үйлдвэр байгуулан амжилттай ажилласан байна.

Үүнээс гадна Замын-Үүд сумын Спорт цогцолбор, Мандах наран I, II, III хорооллыг  зорилтот бүлэг, өрх толгойлсон эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлүүдэд зориулан богино хугацаанд барьж ашиглалтад оруулж, орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмрээ оруулжээ.

Холбоотой мэдээ