Оросын хөнгөн атлетикчдыг Олимпод оролцохыг хориглосныг ОУОХ дэмжив

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-06-22 09:26:42

ЛОЗАННА./NHK/.Зохион байгууллалттайгаар сэргээш хэрэглэсэн гэж үзэн Рио-де-Жанейрогийн Олимпын наадамд Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг оролцохыг хориглох тухай шийдвэр гаргасныг Олон Улсын Олимпын Хороо /ОУОХ/ дэмжлээ.

ОУОХ Швейцарийн Лозанна хотод спортын байгууллагуудын төлөөлөгчидтэй мягмар гарагт хэлэлцээ хийсэн байна.

Оросын тамирчдыг тив, дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд оролцохыг түдгэлзүүлсэн шийдвэрээ Олон улсын Хөнгөн атлетикийн холбоо /ОУХАХ/ өнгөрсөн долоо хоногт хэвээр үлдээн баталсныг төлөөлөгчид санал нэгтэйгээр дэмжжээ.

Гадаад орнуудад сэргээшийн шинжилгээнд ороод тэнцсэн Оросын тамирчдыг Риогийн Олимпод оролцохыг зөвшөөрнө гэсэн ОУХАХ-ны шийдвэрийг төлөөлөгчид мөн дэмжсэн аж.

Оросын хөнгөн атлетикаас өөр бусад спортын төрлүүдийн тамирчид болон Кенийн тамирчид хэрвээ гадаадад сэргээшийн шинжилгээ өгөөд тэнцсэн тохиолдолд л Риогийн Олимпод оролцож болно гэж төлөөлөгчид зөвшилцсөн байна.

ОХУ болон Кени улс сэргээш хэрэглэхээс урьдчилан сэргийлэхийн тулд зохих арга хэмжээ авахгүй байна гэж Дэлхийн сэргээштэй тэмцэх байгууллага /WADA/ мэдэгдэж байсан юм.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах мэдэгдэхдээ “сэргээш хэрэглэсэн тамирчдад ОУОХ Олимпын наадамд оролцох эрх өгөхгүй. Энэ хориг тэдгээр тамирчны дасгалжуулагч, эмч болон багийн албаны хүмүүст ч мөн хамаатай” гэлээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ