Боловсролын салбар дахь цахим шилжилт амжилттай хэрэгжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-05-28 23:40:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “КОВИД-19 цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарын багш сурагчид орон зай, цаг хугацааны байршлаас үл хамааран сургалтын үйл ажиллагааг онлайнаар явууллаа.

Боловсролын салбар дахь дээрх цахим шилжилтийг хийхэд НҮБ-ын дэмжлэгийг онцлох шаардлагатай. Тодруулбал, “Монгол Улсад КОВИД-19 цар тархалтыг хязгаарлах, үүнээс гарах сөрөг нөлөөллийг бууруулахад нэн шаардлагатай нийгмийн үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх” 1 сая ам.долларын төслийг боловсрол болон эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн юм.

Энэ хүрээнд Боловсролын салбарт уламжлалт танхимын сурган заах арга зүйг хүүхдийн сонирхолд нийцүүлэн, зураг дүрсээр баяжуулсан, хүүхдийн оролцоог хангасан дасгал ажлуудыг нэгтгэсэн сурагч төвтэй сургалтын жишиг контент теле хичээл, боловсруулахад чиглэж ажиллажээ.


104 жишиг интерактив контент боловсруулав

НҮБ-ын Хүүхдийн сан сургуулийн өмнөх боловсрол болон бага ангийн 60 контент, ЮНЕСКО ерөнхий боловсролын 28 контент, НҮБ-ын Хүн амын сан эрүүл мэндийн 16 контентыг тус тус хариуцаж ажилласан байна. Ингэхдээ тэгш хүртээмжтэй байдлыг хангах үүднээс Казах, Тува болон дохионы хэлний орчуулгатай бэлтгэсэн бол 12 контентыг харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан бүтээжээ. Цаашид интерактив контентыг нэмэгдүүлж, болзошгүй эрсдэл, онцгой нөхцөлд боловсролын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх нь чухал гэдгийг талууд онцоллоо. Цэцэрлэг, сургууль бүр сургалтын хосолмол арга барилтай байх, багш нар дижитал ур чадварын арга зүйд суралцах, сайжруулах шаардлагатай гэдгийг тайлангийн хурал дээр оролцогчид хэлэв.  


econtent.edu.mn сургалтын цахим систем сайжруулалт

Танхимын хичээл сургалтын үйл ажиллагаа зогссон өнгөрсөн хугацаанд цахим сургалт зохион байгуулахад сургалтын удирдлагын систем нэн шаардлагатай байсан. БШУЯ-ны санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй сургалтын нээлттэй нөөц материал түгээхэд чиглэсэн econtent.edu.mn цахим хуудсыг баяжуулж, өмнө байсан сургалтын материалын сангийн уялдаа холбоог сайжруулж, сурагчдад ашиглахад амар болгох ажлыг гүйцэтгэжээ.

Шинэчилсэн цахим хуудаст боловсролын салбарт ашиглагдаж байгаа систем платформуудыг нэгтгэж цахим сургалт удирдахад шаардлагатай дасгал ажил, тест, үнэлгээ, харилцаа холбоо, тайлангийн функцүүдийг нэмж оруулаад байна.


30 жишиг аудио контент

Телевиз, интернетийн сүлжээгүй алсалсан малчин айлын хүүхдийн сурлагын хоцрогдлыг бууруулах сурах үйл явцыг дэмжихээр 30 жишиг аудио контентыг боловсруулжээ. Энэхүү контент нь үлгэр, өгүүллэгийг сургалтын хэлбэрт шилжүүлж зохиол болгосноор хүүхэд түүнийг үлгэрлэж, хувь хүний зан чанарыг төлөвшүүлэхэд туршлага болох юм. Аудио контентууд нь 4-7 насны хүүхдэд чиглэсэн бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сангийн зорилтот 4 аймаг, нэг дүүргийн нийт 1300 хүүхдэд радио хүлээн авагчийн хамт түгээсэн байна.    

 

Холбоотой мэдээ