Нийслэлд худалдаа, үйлчилгээний газрын 90 хувь нь нээгдээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-05-24 16:12:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр цахимаар хийлээ. 

Тэрээр, өнгөрсөн 7 хоногт замын хөдөлгөөний дүрэм зөрчиж түр зогсохыг хориглосон байршил болон явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан тохиолдолд журамлах, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож байх чиглэл өгснийг санууллаа. Энэ зөрчлийн талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийг шуурхай барагдуулж, олон нийттэй хамтран ажиллах, шаардлагатай газарт нь түр зогсохыг хориглох тэмдэг, тэмдэглэгээг байршуулахаар болсон юм. 5 дугаар сарын 20-ны байдлаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль болон Замын хөдөлгөөний дүрмийн 14.8 дахь заалтыг зөрчиж бусдын хөдөлгөөнд саад учруулсан, явган зорчигчийн зам болон чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогссон 19 864 тээврийн хэрэгслийн зөрчлийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. 


                                Нийслэлийнхний 98.6 хувь нь вакцины эхний тундаа хамрагджээ


Тэрээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдад байгууллагын үйлчилгээний соёл, төрийн албан хаагчийн ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах чиглэл өглөө. Мөн иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамруулж, хүн хоорондын зай бариулах, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг санууллаа.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, “Өнгөрсөн 24 цагт халдварын 581 шинэ тохиолдол бүртгэгдэж, 4 хүн нас барсан. Гэрийн тусгаарлалтад 6597 хүн байна. Ойрын хавьтлын 882 хүнийг бүртгэснээс 13 хүн эмнэлэгт хэвтсэн. Дархлаажуулалтын  эхний тунд нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.6 хувь, хоёр дахь тунд 61.9 хувь нь хамрагдаад байгаа"-г танилцууллаа. 


Нийслэлийн Засаг дарга дархлаажуулалтын хоёр дахь тунг хэзээ хийж дуусгах талаар тодруулахад НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, “Төлөвлөгөөгөөр 6 дугаар сарын 3-нд дуусах ёстой. Хойшиллоо гэхэд 10-нд нийслэлийн иргэдийн хоёр дахь тунг дуусгахаар төлөвлөж байна” гэв. Хотын дарга “Дархлаажуулалтыг идэвхжүүлээрэй. Улаанбаатар хот ногоон бүс болох хэрэгтэй. Ингэж байж энгийн амьдралын горимдоо шилжинэ” гэдгийг тодотголоо. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис, “Иргэд дархлаажуулалтын хоёр дахь тунгаа хийлгэчихвэл халдвар авахгүй гэсэн ойлголт байна. Үүнээс болж халдвар хамгааллын дэглэмээ мөрдөөгүйгээс халдвар авах тохиолдол гарлаа. Гол нь халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх хэрэгтэй. Нийт хүн ам дархлаажуулалтад хамрагдаж байж, улсын хэмжээнд сүргийн дархлаа тогтоно” гэв.


Худалдаа, үйлчилгээний байгууллагын 90 хувь нь нээгдсэн


5 дугаар сарын 22-ноос худалдааны 9 төв үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн зарим ААН-ийн үйл ажиллагааг нээснээр худалдаа, үйлчилгээний байгууллагын 90 хувь нь нээгджээ. Тэдгээрийн халдвар, хамгааллын дэглэмийг хянаж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар танилцууллаа. НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “8844 ААН, байгууллагад шалгалт хийснээс 784 зөрчил илэрч, 24 ААН, байгууллагад албан шаардлага хүргүүлсэн” гэсэн бол Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “5 дугаар сарын 22-ноос ресторан 00:00, хүнсний дэлгүүр 22:00 цаг хүртэл ажиллаж байна. Мөн амралтын газрууд гэр бүлийн хүрээнд үйлчилгээ үзүүлж байна” гэлээ.


Д.Сумъяабазар: Зөвшөөрөлгүй барьсан байгууламжийг нураах нь

зүй ёсных ч хуулийн хүрээнд ажиллах ёстой


Хотын дарга нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нараас дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний замыг хааж хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудад газар чөлөөлөх, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажил хийж буйг асуусан юм. Хан-Уул дүүргийн хувьд зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгаж байна. Дахин төлөвлөлтийн хүрээнд 3-4 байршилд тендер зарласан ч компаниуд сонирхдоггүй, материал ирдэггүй байна. 

Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт мөн орц, гарц чөлөөлөх, зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг буулгаж байгааг танилцуулав. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Сүүлийн 30 жилд зөвшөөрөлгүй, зориулалтын бусаар, өөрийн дураар барьсан байгууламж Улаанбаатар хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна. Ийм барилга, байгууламжийг нураах нь зүй ёсны зүйл. Гэхдээ хууль, тогтоомжийн хүрээнд ажиллах ёстой” гэдгийг сануулав.

Холбоотой мэдээ