Хамтарсан сансрын нислэгийн шинэ марк гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-24 14:43:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “ЗСБНХУ-БНМАУ сансрын хамтарсан нислэг 40 жил” сэдэвт шуудангийн маркийн нээлт өнөөдөр ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнд боллоо.


ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Ж.Гүррагчаа нарын зураг, сансрын хөлөг, огторгуйн дүрслэл бүхий дугуй хэлбэрийн маркийг шуудангийн гүйлгээнд ийнхүү шинээр гаргаж байгаа юм.


Шуудангийн маркийн нээлтийн үеэр сансрын нисэгч Ж.Гүррагчаа хэлэхдээ, “Шуудангийн марканд дэлхийн түүх байдаг үнэ цэнтэй зүйл юм. Энэ утгаараа бид Монгол Улсын сансар судлалын оролцоог илэрхийлсэн марктай боллоо. ЗСБНХУ-БНМАУ-ын хамтарсан нислэгийн үеэр хоёрхон ширхэг үйлдвэрлэсэн бэлгэдэлт тамганы нэгийг надад өгснийг хадгалж явдаг юм” хэмээн сонирхуулав. Тэрбээр монгол маркийн музейд хадгалуулах дугтуйд гарын үсэг зурахдаа, түүхэн дурсгалт тамгаа дарж үлдээсэн юм.


“ЗСБНХУ-БНМАУ сансрын хамтарсан нислэг 40 жил” сэдэвт, 45Х33 хэмжээтэй марк нь “Монгол Шуудан” компанийн 1074 дэх сэдвийн марк боллоо. Одоогоор 20 мянган ширхэг хэвлэгдээд байгаа тус маркийн зургийг зураач Ц.Баттөр урлажээ. Монголын анхны марк 1924 онд гарч байв.


ЗСБНХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой энэ онд тохиож байна. 1981 оны 3 дугаар сарын 22-ны 22.40 цагт ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Ж.Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, 3 дугаар сарын 30-нд 19.42 цагт эх дэлхийдээ амжилттай газардсан билээ.


Түүхэн энэ үйл явдал нь БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Ж.Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон юм.

 


 

Холбоотой мэдээ