ҮХЦ-ийн 4 дүгээр дүгнэлтийг хүлээн авахаас татгалзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-05-20 15:16:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх ҮХЦ-ийн энэ оны 4 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд, хүлээн авахаас татгалзав.


Үндсэн хуулийн цэц энэ сарын 12-ны дунд суудлын хуралдаанаараа тус маргааныг хянан шийдвэрлэсэн. Дунд суудлын энэ хуралдаанд УИХ-ын итгэмжилсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар оролцжээ.


Үндсэн хуулийн цэц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэж, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж тус тус заасан нь


Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... тэгш байдал ...-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна хэмээн дүгнэлт гаргасан байна. Улмаар ҮХЦ-ээс Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу дээрх заалтуудыг энэ сарын 12-ноос эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.


Уг дүгнэлтийг хүлээн авахыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Холбоотой мэдээ