Монгол-Оросын цахим уулзалт Улаанбаатар-Эрхүү хотын хооронд болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-05-20 14:36:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын хооронд “100 жилийн турш хамтдаа” сэдэвт найрамдлын цахим буухиа уулзалт яг одоо Улаанбаатар хот дахь Русский Дом буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болж байна. 

Уулзалтыг энэ жил тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн холбоо, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг,  ОХУ-ын хамтын ажиллагааны байгууллага "Россотрудничество" агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь Русский Дом зохион байгуулж байна. 

Хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах зорилгоор уг цахим буухиа уулзалтыг найман сарын турш хэрэгжүүлэхээр эхлээд байгааг "Россотрудничество" агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн,  "Русский Дом"-ын захирал А.Р.Базархандаев онцоллоо. 




Москва-Улаанбаатар хотоос эхэлсэн цахим буухиа уулзалт Новосибирск-Улаанбаатар, Барнаул-Улаанбаатар, Горноалтайск -Кызыл-Улаанбаатар хотоор өртөөчилж, 5 дахь уулзалт Эрхүү-Улаанбаатар хотоор буухиалж байна. Монгол Улсын талыг Байкалын Их сургуулийн хүндэт төгсөгч, УИХ-ын дарга Г. Занданшатар тэргүүлж, Оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд И.К.Азизов, Эрхүү мужийн Амбан захирагч Игорь Иванович Кобзев, Эрхүү хотын засаг дарга Руслан Николаевич Болотов нарын албаны хүмүүс төлөөлөн цахимаар оролцож байна.






Цахим буухиа уулзалтад Орос-Монголын олон талт харилцаа, хамтын ажиллагаа, хүмүүнлэг, соёл, эдийн засгийн салбарын талаар хөндөн санал бодлоо илэрхийлж Монгол, Оросын төр, нийгмийн зүтгэлтнүүд, хил орчмын бүс нутгийн Засаг дарга нар болон ОХУ-ын талаас муж, бүсийн амбан захирагч нар, шинжлэх ухаан, соёлын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, найрамдлын нийгэмлэгүүдийн тэргүүнүүд оролцож байна. 

Өнөөдрийн уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа нар оролцож мэндчилгээ дэвшүүлэн Эрхүү хот хоёр орны найрамдлын түүхэнд оруулсан хувь нэмрийг тодотгон дурсан ярьж байна. 




Холбоотой мэдээ