Сумдын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар уулзалт хийлээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-05-19 22:56:43

Хэнтий /МОНЦАМЭ/ Өнөөдөр Чингис хотод сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Засаг дарга Ц.Идэрбат, ИТХ-ын ажлын албаны дарга С.Бат-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, ЗДТГ-ын харьяа хэлтсийн дарга нар, сумдын 40 шахам удирдлагууд оролцлоо.

Уулзалтаар аймгийн удирдлагууд цаг үеийн мэдээлэл хийснээс гадна ЗДТГ-ын харьяа таван хэлтсийн дарга нар, аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэл хийлээ.

Тоймолбол, “Хэтийн Хэнтий-2024” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан сумын Засаг дарга нарт хамаарах зорилт, арга хэмжээний хэрэгжилт, Төрийн үйлчилгээний цахим шилжилт, төрийн албан хаагчийг үнэлэх үнэлгээний төхөөрөмж, иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээний төвийн талаар, 2022 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусгах төсөл арга хэмжээний зураг төсвийн асуудлууд, Энэ оны улсын төсвөөр хийх ажлаас сумдад эрх шилжүүлэн хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явц, сонгон шалгаруулалтыг шуурхай зохион байгуулах талаар, Хууль эрх зүй, төсөв санхүү, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр халамжийн асуудлаар гурван цаг шахам зөвлөлдөж, сумдын удирдлагуудад холбогдох чиглэлийг хүргэлээ.

Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат хэлсэн үгэндээ, "Ковид-19" цар тахлаас шалтгаалж, нүүр тулан уулзах боломжгүй байсныг дурдаж, манай аймаг цар тахлыг харьцангуй хохирол багатай даван туулж байна. Дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгаа. Ирэх зургадугаар гуравны өдрийг хүртэл 18-аас дээш насны иргэдээ бүрэн тунд хуваарийн дагуу хамруулахаар төлөвлөсөн. Тиймээс чамбай, шуурхай ажиллахыг үүрэг болгоод төрийн ажлыг зөвхөн улсын төсвөөр хийж буй бүтээн байгуулалт, байшин барилгаар төсөөлөх биш ард иргэдээ алагчилдаггүй, төрийн хөнгөн шуурхай үйлчилгээг нэвтрүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахыг онцолж, цаг үеийн шаардлагаар тулгамдсан дээрх таван асуудлыг дэвшүүлж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө.

Аймгийн удирдлагууд ирэх зургадугаар сарын 15-нд сумдын удирдлагуудтай эргэн уулзалт хийхээр болов.

Холбоотой мэдээ