АНУ Мьянмарын цэргийнхэнтэй холбоотой хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авчээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-05-18 13:01:13

ВАШИНГТОН. /VOA/. АНУ Мьянмарт хоёрдугаар сарын 1-нд гарсан цэргийн эргэлтийг эсэргүүцэн жагссан хүмүүсийн эсрэг хүч хэрэглэж буй цэргийн хунттай холбоотой хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авчээ.


“Үүнд Төрийн удирдах зөвлөлийн гишүүд, танхимын гишүүд, цэргийн өндөр албан тушаалтнуудын насанд хүрсэн хүүхдүүд багтаж байна” гэж Төрийн департамент мэдэгдсэн байна. АНУ шинэ хоригоо Их Британи, Канадтай уялдуулан хэрэгжүүлж байгаа бөгөөд эдгээр улс ижил арга хэмжээг авах ажээ.


“Ерөнхийлөгч Жо Байдены хэлсэнчлэн АНУ цэргийн эргэлт хийхэд оролцогсдод үргэлжлүүлэн хариуцлага хүлээлгэнэ. Өнөөдөр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь ард иргэдийнхээ хүсэл зоригийг хүндэтгэх дорвитой арга хэмжээ авч, хүчирхийллээ зогсоохгүй байгаа цэргийн дэглэмд улс төр, санхүүгийн шахалт үзүүлэх бидний болон бидний түншүүдийн шийдвэрийг илтгэн харуулж байна” гэж Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений даваа гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ. 


Мөн тэрбээр цэргийн хунтын эсрэг ижил арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг бусад улс оронд уриалсан байна. Даваа гарагт НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррикийн мэдээлснээр, Мьянмарт цэргийнхэн засгийн эрхийг авснаас хойш аюулаас хамгаалах хүчнийхний гарт 797 хүн амиа алдсаны дунд олон арван хүүхэд байснаас гадна олон мянган хүн шархаджээ. Мөн НҮБ-ын Хүүхдийн сан Мьянмар дахь салбар хүүхдүүдийн эсрэг хүч хэрэглэхээ нэн даруй зогсоож, тэднийг хамгаалахыг аюулаас хамгаалах хүчнийхэнд даваа гарагт уриалжээ. 

Холбоотой мэдээ