Жо Байден татварын тайлангаа нийтэлжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-05-18 10:38:49

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нар өнгөрсөн онд 607 мянган долларын орлого олж, татварт 157 мянган доллар төлсөн байна. Ерөнхийлөгчийн гэр бүлийн татварын тайланг Цагаан ордны хэвлэлийн алба даваа гарагт нийтэлжээ.


Орлогын албан татварын хэмжээ 25.9 хувь байсан гэж тайланд тэмдэглэжээ. Үүнээс гадна, тэд гэр бүлийн байшин нь байдаг Делавэр муж улсад 28 мянган долларын татвар төлсөн байна. Жилл Байден мөн Виржиниа муж улсад 443 долларын татвар төлжээ.


Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар орлогынхоо 5 орчим хувийг буяны үйлсэд хандивлажээ. Хандивын нийт дүн нь 30 орчим мянган доллар байсан бөгөөд хандивыг 10 өөр буяны байгууллагад илгээсэн байна. 


АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис болон түүний нөхөр Дуглас Эмхофф нар мөн татварын тайлангаа танилцуулжээ. Тэд хамтдаа ерөнхийлөгчийн гэр бүлээс бараг гурав дахин их буюу 1.6 сая гаруй долларын орлого олсон байна. Үүнээс 621 мянгыг нь татварт төлжээ. Орлогын татварын хэмжээ 36.7 хувь байсан байна. Тэд мөн Калифорнид 125 мянган долларын татвар төлсөн бөгөөд Эмхофф нийслэлийн Колумбын тойрогт 57 мянган доллар нэмж төлжээ. Харин  27 мянган долларыг буяны үйлст хандивласан байна.


Хэдийгээр улс төрийн өрсөлдөгчид нь бүр 2016 оноос буюу ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас хойш татварын тайлангаа нийтлэхийг шаарддаг байсан боловч АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Дональд Трамп янз бүрийн шалтгаар татварын тайлангаа нийтэлдэггүй байсан юм.


Холбоотой мэдээ