Энгийн иргэдийг хамгаалахын тулд бүхий л хүчин чармайлтаа дайчлахыг Израилд уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-18 09:40:20

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай даваа гарагт утсаар ярих үеэрээ энгийн иргэдийг хамгаалахын тулд бүхий л хүчин чармайлтаа дайчлахыг уриалжээ.


"Хаа хамаагүй өгч буй пуужингийн цохилтуудаас өөрийгөө батлан хамгаалах Израилын эрхийг тууштай дэмжиж буйгаа ерөнхийлөгч дахин мэдэгдлээ. Тэрбээр хүчирхийллийн асуудлыг зохицуулж, Иерусалимд тайван байдал бий болгох зүтгэлийг сайшаажээ. Ж.Байден гэм буруугүй энгийн иргэдийг хамгаалахын тулд бүхий л хүчин чармайлтаа дайчлахыг Израилд уриаллаа" хэмээн Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна.


Ж.Байден ХАМАС хөдөлгөөн, Израилын цэргүүд харилцан цохилт өгсөөр байгаа асуудлыг хэлэлцэх үеэр гал зогсоох шаардлагатайг онцолжээ.


“Хоёр удирдагч ХАМАС хөдөлгөөн болон Газын зурвас дахь бусад террорист бүлэглэлийн эсрэг явуулж буй Израилын цэргийн ажиллагаанд гарсан ахиц дэвшлийг хэлэлцжээ. Ерөнхийлөгч Ж.Байден гал зогсоохыг дэмжиж, энэ чиглэлд Египет болон бусад улстай АНУ хамтран ажиллах асуудлуудыг хөнджээ” хэмээн баримт бичигт мөн цохон тэмдэглэв.


Израилын цэргүүд болон Газын зурвас дахь Палестины бүлэглэлүүд тавдугаар сарын 10-наас хойш харилцан пуужингийн цохилт өгсөөр байгаа юм. Энэ нь Зүүн Иерусалим хотод дэгдсэн мөргөлдөөнөөс үүдэлтэй. Тодруулбал, тус хотын Шейх-Жарах хорооллын байшингуудыг тэнд амьдардаг араб гэр бүлүүдээс хураан авах Израилын шүүхийн шийдвэрийн улмаас эхэлсэн юм. Хамгийн сүүлийн мэдээллээр, Израилын талаас 10 гаруй хүн амиа алдаж, хэдэн зуун хүн шархадсан бол  Палестины талаас 200 гаруй хүн амиа алдаж, 6 мянга орчим хүн шархаджээ. 

Холбоотой мэдээ