Ерөнхийлөгч Х.Баттулга эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээлээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-17 16:25:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Академич” хэргэм хүртээх ёслол Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд өнөөдөр боллоо.


Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр болж, Ж.Даваасамбуу, Ц.Нанзад, Ж.Норовсүрэн, Н.Тогтохбаяр, Ц.Батбаяр нарыг Академийн гишүүнээр сонгосон байна. ШУА-ийн Ерөнхийлөгчөөс дээрх эрдэмтдэд “Академич” хэргэм олгуулахаар өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Академич” хэргэм хүртээх тухай зарлигийг 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр гаргасан юм. 


Тодруулбал,

  • Физикч, математикч Жавын Даваасамбуу
  • Геологи-Уул уурхайн инженер Цэвээний Нанзад
  • Биологич Жадамбаагийн Норовсүрэн
  • Зоо-Инженер Норовсамбуугийн Тогтохбаяр
  • Түүхч Цэдэндамбын Батбаяр нарт эрдмийн дээд цол “Академич” хэргэмийг олголоо.



Хэргэм хүртээх ёслолын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, "Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой өнөө жил тохиож буй бол, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Шинжлэх ухааны Академи үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн өдөр өчигдөр болж өнгөрсөн" хэмээн тодотгоод, баярын мэнд дэвшүүлэв. Тэрбээр, "Хурдтайгаар өөрчлөгдөн буй дэлхий ертөнцөд Монгол Улс, монголчууд амжилттай оршихын үндэс нь шинжлэх ухааны ололт амжилтыг эзэмших, инновац, шинэлэг нээлтүүдийг амьдралд нэвтрүүлэх юм. Бүтээмжийг дээшлүүлэх шинэ ололт, техник технологийн оновчтой шийдлийг гаргаж байдаг эрдэмтэд, судлаачдын үүрэг энд асар их байдаг юм. Өнөөдөр академич болж байгаа эрдэмтэн судлаач бүр өөрийн салбарт онолын шинэ дүгнэлт судалгаа хийж, практикт нэвтрүүлэх аргачлал боловсруулсан, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд бүтээлээ нийтлүүлсэн, эрдэмтэд судлаачдадаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байна. Монголын нийгэмд тулгарч байгаа нэг чухал асуудал бол шинжлэх ухааны байгууллагуудыг орчин үеийн нөхцөлд зохицсон бүтэц, үйл ажиллагаа, зохион байгуулалтад шилжүүлэх, эрдэмтэн судлаачдад судалгаа шинжилгээ хийх, турших, амьдралд нэвтрүүлэх боломжийг бүрэн олгосон оновчтой тогтолцоог бүрдүүлэх болоод байна. Үүнийг хийж амжуулахад “Академич” гэх эрхэм цолыг хүртсэн Та бүхний оролцоо их байх ёстойг санаж цаашдын үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг хүсье" хэмээлээ. 


Ташрамд дурдахад, 2005 оноос эхлэн Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн гишүүнээр сонгогдсон эрдэмтдэд “Академич” цолыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч хүртээдэг уламжлал тогтсон юм.


Холбоотой мэдээ