Төсвийн хүрээний мэдэгдлийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-05-11 16:26:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас манай улсын эдийн засаг 5.3 хувиар агшиж, төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөг болжээ. УИХ, Засгийн газраас цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, бизнесийг дэмжих, эдийн засгийг сэргээх зорилгоор төсвөөс 2020 онд 2.4 их наяд төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан. Харин 2021 онд 2.7 их наяд төгрөгийн ажил төлөвлөн хэрэгжүүлж байна. Мөн төсөв, мөнгөний бодлогыг оновчтой болгох, Засгийн газраас эдийн засгийн сэргэлтийг түргэтгэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна. Дунд хугацаанд ил тод, цахим төсвийн бодлогын эрс шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, төрийн өмчит компаниудыг шинэчлэн, бүтцийн өөрчлөлт хийж, засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, уул уурхай, экспорт, ложистикийн татварын орлогыг бүрэн хураан ил тод байдлыг сайжруулж, далд эдийн засгийг хумьснаар татварын бааз суурийг өргөтгөнө. Төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх төсвийн зарлагын шинэчлэлийг хийх, төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийг дэмжих чиглэлд хийх, өрийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.


Энэ хүрээнд эхний ээлжинд эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгаалал хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол зэрэг нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг салбаруудын төсвийн санхүүжилтийг хүрэх үр дүн, чанар, гүйцэтгэлд нь тулгуурлаж хуваарилах замаар төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, эдгээр салбарт зарцуулсан төсвийн нэг төгрөг бүрийг үр ашигтай болгоход чиглэсэн багц ажлыг үргэлжлүүлэхээр төсөлд тусгасан байна. Ингэснээр дунд хугацаанд эдийн засаг дунджаар 4-6 хувиар өсөж, төсвийн алдагдал 2024 оны эцэст ДНБ-ий 2 хувьд хүрч буурна. Мөн Засгийн газрын өрийн ДНБ-нд эзлэх хувь 60 хувиас хэтрэхгүйгээр тогтворжино гэж тооцжээ. Дунд хугацаанд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д  эзлэх хувийг 2022 онд 3.6 хувь, 2023 онд 2.8 хувь, 2024 онд 2 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцтэй байхаар тооцсон байна.


Байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Баделхан, Г.Тэмүүлэн, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүд Оюутолгойн ордын орлогыг хуулийн төсөлд хэрхэн төсөөлж тусгасан болон уг ордоос татварын орлогоо бүрэн авч чадах эсэхийг тодруулж байлаа. 


Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн хариултдаа, "2022 онд Оюутолгойн ордоос 600 гаруй тэрбум төгрөгийн татвар авахаар төсөөлсөн. Татварын акт, хяналт шалгалтын үр дүнд тус компанитай холбоотой зэсийн баяжмалтай дагалдах элементээс  Монгол Улсын татварын алба татвараа бүрэн авна гэсэн байр суурьтай байгаа" гэв. 


УИХ 2019 онд “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратеги баримт бичиг батлах тухай” 55 дугаар тогтоолыг баталсан. Энэ хүрээнд Засгийн газрын гадаад өр 8.7 тэрбум ам.доллар байгаагаас 2024 он хүртэл 4.7 тэрбум ам.долларын зээлийг төлөх хуваарьтай байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.


Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Төслийг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байна.

Холбоотой мэдээ