Итали эмэгтэйд санамсаргүйгээр зургаан тун вакцин тарьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-05-11 13:26:35

РОМ. /Euronews/. Италид “Pfizer-BioNTech”-ийн “COVID-19”-ийн вакциныг санамсаргүйгээр зургаан тунг хийлгэсэн залуу эмэгтэйн биеийн байдлыг хянаж байна. 


Тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, 23 настай эмэгтэйг төв нутгийн Тоскана мужид эмнэлгийн хяналтад оруулжээ.


“Эмэгтэйд дусал залгаж, парацетамол уулгасан бөгөөд биеийн байдал нь сайн байна” гэж “AGI” агентлаг мэдээлсэн байна. Сувилагч түүнд нэг тун вакцин тарих гэж байсан боловч алдаа гаргаж, зургаан тунтай тэнцэх нэг шил вакциныг бүхлээр нь тарьчихжээ.


Pfizer”-ийн вакцины тунтай холбоотой өмнөх судалгаануудаар дээд тал нь ердөө дөрвөн тунг тарьж байсныг “AGI” мөн мэдээлжээ. Иймээс зургаан тун хийлгэсэн хүний тухай мэдээлэл байхгүй тул эмэгтэйн биеийн байдлыг сайтар ажиглаж байгаа гэнэ.


Pfizer-BioNTech”-ийн вакцины тунг хэтрүүлэн тарьсан тохиолдол өмнө нь Герман, Австрали, АНУ-д бүртгэгдэж байжээ. 

Холбоотой мэдээ