Төрөлжсөн барааны худалдааны төв, авто техникийн захыг маргаашаас нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-05-09 18:45:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдрөөс хайпермаркет, их дэлгүүр, хүнсний зах, худалдааны төв, гэр ахуйн бараа, тавилга, модны зах, барилгын материалын төвүүдийг үе шаттай нээсэн. Харин маргаашаас буюу тавдугаар сарын 10-наас төрөлжсөн барааны худалдааны төв, авто техникийн зах, төвүүдийг нээх юм.


Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг үе шаттайгаар бууруулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй энэ үед мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба зэрэг мэргэжлийн байгууллагын зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн зах, худалдааны төвүүдийг үе шаттай нээх ажлыг зохион байгуулахаар болсон. 


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг мэдээлэхдээ, “Нийт 89 чиглэлээр худалдаа, үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 18 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлаж, үлдсэн байгууллагын үйл ажиллагааг нээсэн. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн ч ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, явуулын үйлчилгээтэй хоолны газар нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлаж, хүргэлтээр болон захиалгат хоолны үйлчилгээг зөвшөөрөхөөр зохицуулсан. Хүнснээс бусад барааны зах, худалдааны төвүүдийг үе шаттай нээх үүргийг УОК-оос өгсөн. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгсний хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга тушаал гаргасан. Улмаар дүүрэг бүрт Ажлын баг байгуулж, томоохон зах, худалдааны төвүүдийн удирдлагад УОК-ын даргын 41 дүгээр тушаалаар баталсан тусгай нөхцөл, шаардлагыг хангуулж ажиллаж байна. Тусгай нөхцөл, шаардлага 14 чиглэлээр тавигдсаны нэг нь зах, худалдааны төв, их дэлгүүр, агуулах худалдаа, хайпермаркет, супермаркет юм.


Тусгай нөхцөл, шаардлагад 20 шалгуур үзүүлэлт бий. Үүнийг хангаж байж, хайпермаркет, зах, худалдааны төв зэрэг дээр дурдсан байгууллагууд үйл ажиллагаа явуулна. Үлдсэн нэрийн барааны жижиг дэлгүүр буюу хүнсний мухлаг, хүнсний дэлгүүрүүд дээрх 20 үзүүлэлтээс 16 үзүүлэлтийн шаардлага хангаж байж үйл ажиллагаа явуулна. Зөвхөн зах, худалдааны төв гэхгүй худалдаа, үйлчилгээ явуулж байгаа бүхий л байгууллагууд УОК-ын даргын 41 дүгээр тушаалаар баталсан түр журам, тусгай нөхцөл, шаардлагыг дагаж, мөрдөж, иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм. Мөн Дархлаажуулалтын тухай хуульд зааснаар халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тун авсан, коронавируст халдвараар өвчилж эдгэсэн тухай эрүүл мэндийн байгуулагаас магадлагаа авсан ажилтан, түрээслэгчдийг ажиллуулна. Аппликэйшнээр QR код уншуулан, халдварын эсрэг бүрэн тун авсан эсэх, коронавируст халдвараар өвчилж эдгэсэн болон хүндэтгэн үзэх шалтгаанаар дархлаажуулалтад хамрагдаагүй болохыг шалгаж, нэвтрүүлнэ. Хяналтын хэсэг буюу орох хаалганы хэсэгт хяналтын ажилтан ажиллуулна” хэмээв.

 

 


Холбоотой мэдээ