Булган суманд тогтоосон хөл хориог сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-08 23:00:42

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган суманд коронавирусний халдварын тохиолдол нэмэгдсэн учир өмнө тогтоосон хатуу хөл хориог тавдугаар сарын 15-ны 06.00 цаг хүртэл сунгалаа.

Булган сумын Засаг дарга хөл хорионы үед зарим үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй байх шийдвэрээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон байна. Тухайлбал, аймаг, сумын Онцгой комиссын гишүүд, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, эрүүл мэнд, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, эрчим хүч, ус, дулаан хангамж, тохижилт үйлчилгээ, газар тариалан, төмс хүнсний ногоо, уул уурхай, мал амьтны өвс тэжээл тээвэрлэлт, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, нийлүүлэлт, түгээлт, тээвэрлэлт, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, ариутгал халдваргүйтгэл, оршуулгын үйл ажиллагааг хязгаарлаагүй юм. Мөн эм, эмнэлгийн зайлшгүй тусламж авах, дархлаажуулалтад хамрагдах, шинжилгээ өгөх, хүнс, ахуйн хэрэглээний бараа худалдан авах, зөөврийн ус авах явган хүний хөдөлгөөнийг хориглоогүй байна.

Мөн хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрыг үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хориглож, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрсөн байна. Хүнсний худалдаа, үйлдвэрлэл, түгээлтийн үйл ажиллагааг 10.00-14.00, эмийн сангийн үйлчилгээний хуваарийг 10.00-18.00 цагаар тогтоож, бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг түр зогсоолоо. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд насанд хүрсэн хүн халдвар хамгааллын дэглэмийг баримтлахаас гадна, хүүхдийг гудамж талбайд тоглуулахгүй, нийтийн эзэмшлийн зам талбай, дэлгүүр, үйлчилгээний байгууллагаар явуулахгүй байхыг ард иргэдэд уриалж байна гэж сумын Онцгой комисс мэдээллээ.

Холбоотой мэдээ