Хаврын тариалалтад 8,2 мянган тонн үр шаардлагатай

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-05-07 14:44:28

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд энэ хаврын тариалалтад нийтдээ 8295 тн буудайн үр шаардлагатай гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар мэдээллээ.

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд 2,9 мянган тонн үр нөөцөлж, 5,4 мянган тонн үр дутагдах тооцоо гарч, нэмж шаардагдах үрийн захиалгыг Хөдөө аж ахуйг дэмжих санд уламжилж, улаан буудайн үрээр хангах ажлыг зохион байгуулсан байна.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Булган салбарт Буриадская остистая сорт 396,0, ОБЕГ-ын харъяа Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн Сэлэнгэ дахь салбарт Буриадская остистая сорт 3,0, Буриадская-551 сорт 140,0, Хутаг-Өндөр сум дахь Улсын нөөцийн салбарт Буриадская остистая" сорт 322,0, Дархан-166 сорт 284,0 тонн буюу нийт 1145 тонн үрийн улаанбуудайн нөөцтэй гэсэн мэдээллийг мэргэжлийн байгууллага өгч байна.

Мөн ОХУ-аас оруулж ирж байгаа “Алтайский-70”, “Алтайский-75”, “Алтайский-325”, “Ирень”, “Новосибирский-36”, “Буриадский-79” сортын үр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл салбарт 6020,0 тонн байгаа аж. Эдгээр улаанбуудайн үрээс “Ирень” сортоос бусад нь тариалж байсан учир нутаг орныхоо  онцлогт  тохирсон технологиор  тариалах нь зүйтэй гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас тариаланчдад зөвлөсөн байна.

Холбоотой мэдээ