Вакцины патентаас татгалзахыг Орос дэмжсэн бол Герман эсэргүүцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-07 11:14:41

СОЧИ. /TASS/. Коронавирусний вакцины оюуны өмчийн хамгааллыг цуцлах санааг бид дэмжихэд бэлэн хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Шадар сайд Татьяна Голиковотой уулзах үеэрээ мэдэгджээ.


Онцгой нөхцөлд ийм арга хэмжээ авахыг тусгасан Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журамтай энэ бүхэн нь зөрчилдөх бус нийцнэ гэдгийг тэрбээр хэлсэн байна.


“Цар тахал бол онцгой нөхцөл байдал юм” хэмээн В.Путин хэлж, энэ асуудлыг судалж, үр дүнг нь танилцуулахыг Голиковад үүрэг болгов.


“Одоогийн нөхцөл байдалд ийм арга барилыг Орос маргаангүй дэмжинэ. Бид хэрхэн хамгийн их ашиг олох вэ гэдэг тухай бус хүмүүсийн аюулгүй байдлыг хангах талаар бодох ёстой. Дэлхийн хүн амын дийлэнх нь вакциныг хэрэглэсэн цагт аюулгүй байдал хангагдах боломжтой. Ингэсэн тохиолдолд л нийтийн дархлаа тогтоно гэдэг нь өргөн утгаараа хэрэгжиж буйн илрэл юм ” хэмээн В.Путин мөн мэдэгджээ.


Вакцин үйлдвэрлэлийн технологио бусад улс оронд дамжуулж буй цорын ганц улс бол ОХУ гэдгийг тэрбээр цохон тэмдэглэв.


Харин Герман улс вакцины патентаас татгалзах саналыг АНУ дэмжиж буйг эсэргүүцэж, ингэснээр вакцины үйлдвэрлэлд саад учруулахгүй хэмээн мэдэгдсэнийг “BBC агентлаг уламжилсан байна.


“Оюуны өмчийг хамгаалах нь шинэчлэлийн эх сурвалж бөгөөд ийм чигээрээ байх ёстой” хэмээн Германы Засгийн газрын мэдэгдэлд дурдав. 


Европын Холбоо мэдэгдэхдээ, энэ саналыг хэлэлцэхэд бэлэн байгаа бөгөөд зарим улс бүрэн дэмжээд байна гэжээ.


Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр амин чухал вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой болно гэж дэмжигч орнууд мэдэгдээд байгаа аж. Үүнээс гадна илүү буурай орнуудын вакцин олж авах боломж нь нэмэгдэнэ гэж үзэж байна.


Харин энэ саналыг эсэргүүцэгчид тэр дундаа вакцин үйлдвэрлэгчид мэдэгдэхдээ, ийм алхмыг авснаар хүссэн үр дүндээ хүрч чадахгүй гэжээ.


Анх энэ саналыг Энэтхэг, ӨАБНУ тэргүүтэй 60 улс Дэлхийн худалдааны байгууллагад дэвшүүлж, вакцины аюулгүй байдлыг түр цуцлахыг шаардсан байна. Гэсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаа, Их Британи, Европын Холбооны хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ.


Харин энэ долоо хоногт АНУ саналыг дэмжсэнээр томоохон эргэлт болсон юм.


Тухайлбал, ДХБ-ын тэргүүн Нгози Оконжо-Ивеала АНУ-ын дэмжлэгийг магтан сайшаажээ. Зарим газарт түүхий эд, техникийн мэдлэг туршлага хомстож байгааг тэрбээр хүлээн зөвшөөрөөд, олон улсын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх эхлэлийг тавих хэрэгтэй гэжээ.


ЕХ юу гэж хэлэв?

АНУ-ын дэмжсэн санал вакцины үйлдвэрлэлд бүхэлд нь томоохон үр дагаврыг учруулна гэж Германы Засгийн газрын мэдэгдэлд дурджээ.


“Вакцины үйлдвэрлэлд хязгаарлагдаж буй хүчин зүйлүүд нь патент бус үйлдвэрлэлийн хүчин чадал, өндөр чанарын стандартууд юм. Эмийн компаниуд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр түншүүдтэйгээ хамтран ажиллаж байгаа билээ” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.


Герман нь эмийн бүтээгдэхүүний хамгийн том салбар байрладаг ЕХ-ны эдийн засгийн хамгийн том гүрэн юм. Тухайлбал, түгээмэл хэрэглэгдэж буй коронавирусний вакцинуудын нэгийг гарган авсан

“BioNTech” компани Германд байдаг.


Бид саналыг хэлэлцэхэд бэлэн байна гэж Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгдсэний дараа Германы Засгийн газар ийнхүү мэдэгджээ.


Харин Франц, Итали зэрэг бусад гишүүн орны албан тушаалтнууд энэ саналыг бүрэн дэмжсэн байна. Түүнчлэн Их Британийн Засгийн газар мэдэгдэхдээ, бид энэ асуудлаар ДХБ-ын гишүүдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд вакцины үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд АНУ-тай яриа хэлэлцээ хийж байна гэжээ. 


Оюуны өмч гэж юу вэ?

Оюуны өмч гэдэг нь патент, зохиогчийн эрх, худалдааны тэмдгүүдээр хамгаалагдсан бүтээлийг тодорхойлдог. Эдгээр нь хуулбарлахаас сэргийлж зохиогчид санхүүгийн урамшуулал олгох боломжийг олгодог.


Патент нь хөгжүүлэлтийн зардлыг даах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэлд богино хугацааны монополийг шинэчлэлийн компаниудад олгодог.


Ийм хамгаалалт нь өмнө нь байгаагүй богино хугацаанд коронавирусний вакцины үйлдвэрлэлд түлхэц болсон хэмээн биотехнологийн компаниуд мэдэгдээд байгаа аж. 

Холбоотой мэдээ