Дэлгүүрт тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталлаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-05-06 19:40:51

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аар “Аймгийн худалдаа, үйлчилгээний цэгүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг шинэчлэн батлах тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа.

Аймгийн Засаг дарга А.Ишдорж: “Гэмт хэрэг, зөрчлийн 70-80 хувь нь архидан согтуурсны улмаас үйлдэгдэж байна. Бид иргэдээ төлөөлж сонгогдохдоо олон зүйлийг амалж байсны нэг нь нийгмийг, айл өрхийг амар тайван, айдас хүйдэсгүй амьдруулна гэж хэлж байсан. Тийм учраас архинаас үүдэлтэй гэмт хэргийг бууруулах, архинаас болж амиа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болдог асуудлыг багасгахын төлөө хатуу тэмцэх ёстой” гэв.

Мөн “Арилжааны банкууд 3 хувийн хүүтэй зээл хүссэн дэлгүүр, худалдааны цэгт архи, согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй байх шаардлага тавьж байгаа нь буруу шалгуур юм. Үүний улмаас маш олон дэлгүүрээс холбогдож, тусгай зөвшөөрөл хүсч байна” гэсэн юм. Зарим төлөөлөгчдийн хувьд "архи, согтууруулах ундаа худалдах нь тухайн цэгийн орлого, ашигтай холбоотой учраас архитай биш архичинтай тэмцэх хэрэгтэй" гэсэн саналыг хэлж байв. Хурлаар уг асуудлыг хэлэлцэж, 71.4 хувийн саналаар баталлаа.

Холбоотой мэдээ