Л.Эрхэмбаяр: МАН сонгогчдыг шилжүүлэх хууль бус арга хэрэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-06-20 14:03:04

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ, "Төрийн сонгуулиа хуулийн хүрээнд шударга явуулах нь АН-ын эрхэм зорилго юм" хэмээн тодотгоод бусад намуудыг шударгаар өрсөлдөхийг уриаллаа.

Тэрбээр мөн үеэр сүүлийн үед МАН-ынхан царцааны нүүдэл буюу тойргоос тойрогт хүмүүсийг олноор нь шилжүүлэх хууль бус аргыг ихээр хэрэглэх болсон талаар баримт дэлгэлээ.   Тэрбээр хэлэхдээ, “Тухайлбал, УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт МАН-аас нэр дэвшигч Л.Энх-Амгалангийн тойрогт 2400 орчим сонгогч, Л.Мөнхбаатарын тойрогт 720 сонгогч, Архангай аймагт МАН-аас нэр дэвшигч Ж.Мөнхбатын тойрогт 603 сонгогч, Баянхонгор аймагт МАН-аас нэр дэвшигч Л.Элдэв-Очирын тойрогт 1900 сонгогч, Увс аймагт нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн тойрогт 2807 сонгогч саналд нөлөөлөх зорилгоор зохион байгуулалттай шилжүүлэг хийлгэсэн байна.

Хөдөө орон нутгийн сонгогчийн тоо цөөн, сонгуулийн ирц 60 хувиас хэтрэхгүй болсон энэ үед мянга мянган сонгогч шилжүүлэх нь саналын дүнд шууд нөлөөлж хөдөө орон нутгийн сонгогчдын сонгох эрхэнд халдсан бохир арга болж байна. Орон нутгийн сонгогчдын сонгох эрхэд  зохион байгуулалттайгаар халдсан ийм башир аргатай Ардчилсан нам  эвлэрэхгүй, таслан зогсоох талаар бүхий л шийдвэртэй арга хэмжээ авч тэмцэх болно. Хэн нэг нэр дэвшигчийн бохир арга явуулгад автаж нүүдлийн сонгуульд оролцохгүй, ийм үйл ажиллагааг дэмжихгүй байхыг нийт сонгогчиддоо уриалж байна” гэлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ