Коронавируст халдварын 940 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-06 11:06:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 940 хүнээс коронавирус илэрчээ. 

 

Шинээр батлагдсан тохиолдлуудын  932 нь дотоодод бүртгэгджээ. Үүний 828 нь нийслэлд, 104 нь орон нутагт бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах найман тохиолдол батлагджээ.


Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдлын тоо  42 464 болж байна. Сүүлийн 24 цагт 1308 хүн эмнэлэг болон тусгаарлалтаас гарчээ. Ингэснээр нийт 27 242 хүн эдгэрээд байна.


Түүнчлэн коронавируст халдварын улмаас 40-95 насны 12 хүн өчигдөр нас баржээ. Энэ нь цар тахал гарснаас хойш нэг хоногийн хугацаанд хамгийн олон хүн уг өвчний хүндрэлээр нас барсан тохиолдол болж буй юм. Ингэснээр манай улсад коронавируст халдвараар 142 хүн эндээд байна.


Одоогоор коронавируст халдварын улмаас  4878 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 124 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 1452 нь хүндэвтэр,  469 нь хүнд хэмээн оношлогджээ.





Холбоотой мэдээ