Зэвсэгт хүчнийхэн аймаг, сумын иргэдэд тусламж үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-05-05 12:21:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний алба хаагчид цаг агаарын хүндрэлийн улмаас авто зам, даваа хаагдаж, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг авахад хүндрэлтэй байсан зарим аймаг, сумын иргэдэд тусламж үзүүллээ.


Тухайлбал, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн томилгоот бүрэлдэхүүн орон нутгийн Онцгой байдлын газартай хамтран Баянхонгор аймгийн Гурванбулаг, Бууцагаан, Заг, Жаргалант, Баянбулаг сумдад зам, гарц гаргаж, малчдад эрүүл мэндийн тусламж болон өвс тэжээл хүргэх ажлыг амжилттай зохион байгуулжээ.


Мөн Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тусгай салбарын алба хаагчид Хөвсгөл аймагт цас зудтай, зам, даваа хаагдсан сумдад ажиллаж, тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэн, орон нутагтаа дэмжлэг үзүүллээ.


Баянхонгор, Завхан, Хөвсгөл аймгийн удирдлагууд, ЗХЖШ-т хандан шаардлагатай хүн хүч, техник хэрэгслээр тусалсан Зэвсэгт хүчнийхэнд талархал илэрхийлээд "Цэргийнхэн гамшиг, зуд турхан, үер усны үед онцгой байдлын байгууллагад дэмжлэг үзүүлж, ард иргэддээ тусалдаг сайхан уламжлалтай”-г тэмдэглэсэн байна.

Холбоотой мэдээ