Айл бүрийн нэг өдрийг цахим хэрэглээгүй өдөр болгох санал дэвшүүлэв

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-05-04 19:04:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Тогтвортой хөгжлийн боловсролын төлөө хамтын санаачилга-түншлэл" цахим чуулга зөвлөгөөн манай улсад хоёр дахь өдрөө "Дэлхийн том хичээл" сэдвээр үргэлжиллээ.

Энэ нь Тогтвортой хөгжлийн зорилгыг дэлхий дахинд түгээх НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО болон НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачилга бөгөөд энэ хичээлд 106 орон нэгдэж, 40 гаруй хэлээр орчуулан 17.8 сая хүүхэд залуучуудад хүргэж буйг чуулганы үеэр зохион байгуулагчид онцоллоо.  

“Суралцахуй, багшлахуйн орчинг хувирган өөрчлөх хэрэгцээ үүссэн. Хуучин, хэвшмэл ойлголтоор шинэ зүйлийг эхлүүлэх нь бүтэшгүй, бэрх болж, багш нар арга барилаа өөрчлөх, шаардлага тулгарч байна” хэмээн өнөөдрийн чуулганд оролцогчид онцолж байв. 




Мөн өнөөдөр “Тогтвортой хөгжлийн төлөөх түншлэл-Орон нутгийн манлайлал” сэдэвт олон нийтийн цахим хэлэлцүүлэг болж, сургуулийн өмнөх болон бага, дунд, суурь боловсролын сургалтад Тогтвортой хөгжлийн боловсролыг интеграцчилах арга зүйн шинэ санаа, хэрэгжүүлэх арга замыг төвийн болон орон нутгийн цэцэрлэг, сургуульд хэрэгжүүлсэн туршлагаа багш нар хуваалцаж, илтгэл тавьж, мэргэжил нэгтнүүддээ зөвлөж, тайлбарлаж харилцан суралцаж байна. Чуулга уулзалтад оролцогчдын зарим хэлсэн үг, тавьсан саналыг хүргэж байна. 


“Тэгш таван ухаан боловсролын төв”-ийн зөвлөх, доктор, дэд профессор Н.Нэргүй: -ЮНЕСКО-гийн сурах бичигт хүн бүрийг суралцагч гэж үзсэн байдаг. Манай улсад бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрт байгаа 567 суралцахуйн зорилт нь Тогтвортой хөгжлийн зорилтын боловсролд хамааралтайг тогтоосон. Эдгээр  зорилтыг хэрэгжүүлснээр тогтвортой боловсролын 8 цогц чадамжид хувь нэмэр оруулах боломж 957 байна. 

Боловсрол ба суралцахуйг бүхэлд нь Тогтвортой хөгжлийн төлөө болгон хувиргах, тэрхүү зорилтод хүргэх гол стратеги нь хүн бүрийн заавал эзэмших “Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх боловсрол” шинэ судлагдахуун юм. Тиймээс бүх түвшний боловсролын зорилтод тодорхойлох салбар бүрийн харилцан хамаарал, хамтын ажиллагаагүйгээр үр өгөөжтэй үйл эрхлэх боломжгүй юм. Нэг ёсондоо салбар бүрийн харилцан хамаарал Тогтвортой хөгжлийн боловсролд чухал үүрэгтэй.


Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Суралцагчийн хөгжлийн албаны дарга Н.Мөнхбаяр: -Хүн хэзээ хөгждөг вэ гэвэл харилцаа, хамтын ажиллагааны явцад, өөрийн сонирхол, хэрэгцээ, боломжид нийцсэн, тэгш оролцоо нь хангагдсан орчинд хөгждөг. Сургалтын байгууллагын соёл, орчин, шийдвэр гаргалт, менежментэд бүхэлдээ Тогтвортой хөгжлийн үзэл хандлага шингэсэн байх, харилцаа хандлагаа өөрчлөх, суралцагчдад хүсэл эрмэлзэл, итгэл найдвар төрүүлсэн үнэлгээний арга техник сонгох шаардлагатай болсон.




Зөвхөн багш бүхнийг мэддэг, шийддэг, суралцагчийг идэвхгүй байр сууринд байлгадаг, агуулгын дамжуулалт хийдэг арга зүйг өөрчлөх ёстой. Хичээлийн явцад зөвхөн багш шийдвэр гаргах бус хэлцлийн журмаар шийдэлд хүрэх арга зүйтэй болж, тодорхойлох, сурагчдыг эргэцүүлэлд хөтлөх сургалтын материал, хэрэглэгдэхүүн ашиглах, дасгал, даалгавар боловсруулах, нэгнээсээ суралцах боломж бүрдүүлэх олон зүйлийг санал болгомоор байна. Орон нутагт Тогтвортой хөгжлийн төлөөх үйл хэрэгт хүүхэд, залуучуудыг татан оролцуулахыг төлөвлөж, хамтрагч түншээр иргэд, олон нийтийг оролцуулж, хамтын идэвхтэй, зорилготой үйл ажиллагааг эхлүүлэх, үе шаттай үргэлжлүүлж,үр дүнг нь тооцож, олон нийтэд сурталчилж ажиллах зэрэг олон арга зам, шийдэл бий.


Дархан-Уул аймгийн "Оюуны Ирээдүй" цогцолбор сургуулийн газарзүйн багш Д.Хэнмэдэх: -Дэлхий нийтээр суурьшмал  амьдралд шилжиж байгаа өнөө үед  сурагчдыг хүрээлэн буй орчинтой нь ойр байлган, байгалийг судалж, танин мэдэх,  тулгамдаж буй зүйлийг илрүүлэн, шийдэх боломжийг эрэлхийлдэг дадалтай болгох хэрэгцээ шаардлага  багш бидний өмнө тулгарч байна.

Сурагчдад сурч мэдсэн зүйлсээ байгаль дээр бүтээлчээр хэрэглэх боломж олгосноор тэд байгалийн зүй тогтлыг  мэдэрч эхэлдэг. Аливаа зүйлсийн сайхныг мэдсэн биш, мэдэрсэн хүн л түүнийг зүрх сэтгэлээсээ хайрладаг.


Нийслэлийн Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгийн арга зүйч Д.Оюунтуяа: -Гэр бүл бол хүний амьдралын анхдагч орчин. Тиймээс эцэг, эхчүүдийн оролцоотойгоор сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, багаасаа байгаль дэлхийтэй харилцах, эко иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энгийн жижиг мэт санагддаг, бидний тэр бүр тоодоггүй зүйлс байгальд сөргөөр нөлөөлж буйг мэдэж авч, уур амьсгалаа хамгаалцгаая. 


Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн “Од” багийн ахлагч Д.Гэрэлмаа: -Эцэг, эх, асран хамгаалагч ч гэсэн цахим хэрэглээг зохистой хэрэглэх шаардлага тулгарч байна. Иймээс эцэг эх асран хамгаалагчдад цахим орчинг зохистой хэрэглэх сургалт явуулах хэрэгцээ үүссэн. Айл бүр амралтын нэг өдрийг “Цахим хэрэглээгүй өдөр” болгон хэвшүүлээсэй. Чөлөөт цагийг цахим орчинд биш, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлж, уламжлалт тоглоом наадгайгаар наадаж, хүүхдээ хөгжүүлэх үйлд үлгэр дуурайлал үзүүлэх нь эцэг, эхчүүд бидний үүрэг юм.


Хөвсгөл аймаг Арбулаг ЕБС-ийн бага ангийн багш Г.Энхсайхан: -Хүүхдийн бүтээлч, логик сэтгэлгээг дэмжсэн “Сэтгэлгээний загвар”-ыг ашиглан хөтөч арга зүйд үндэслэсэн. Нэг айл нэг удаа мод бэлтгэхдээ 50 жил ургасан 5 нялх модыг хэрэглэдэг. Тэгвэл танай сумын  200 өрх айл нэг удаагийн хэрэглээнд хэдэн мод тайрах вэ гэх мэтээр амьдралд ойр арга барилыг ашиглаж сургалтаа явуулж байна.  “Аргалчин хүү” үлгэрээр дамжуулан нүүдэлчин Монгол ахуй дахь аргал түлш түүх, хэрэглээг нэмэгдүүлэх, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүүхэд бүхнийг ажил хөдөлмөрт уриалах олон давуу талтайгаар мэдлэг олгох боломжтой.

Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн физикийн багш М.Гантүлхүүр: -Тогтвортой хөгжлийн боловсрол нь нийгмийг тогтвортой хөгжилд хөтлөх арга зам юм. Жижиг гэлтгүй зүйлээс өөрчлөлтийг эхэлж болно. Гэртээ байгаа цахилгаан хэрэгслүүдээ зөв ашиглах, шинээр цахилгаан хэрэгсэл худалдан авахдаа зөв сонголт хийх. Хөргөгчөө мөстөхөөс сэргийлье. Угаалгын машиныхаа даацанд тохируулан хувцсаа хийе. Тоос сорогчоо цэвэр байлгая. Хэрэглэхгүй байгаа цахилгаан хэрэгслээ салгая гэх зэргээр сургалтаа явуулснаар үр дүнд хүрч байгаа. Тогтвортой хөгжлийн боловсролыг түгээхэд сурган хүмүүжүүлэгчдийн чадавхыг нэмэгдүүлье. Залуучуудад эрх мэдэл, боломж олгож, идэвхжүүлье. Орон нутгийн түнший үйлийг эрчимжүүлье.



Төрийн байгууллага, албан тушаалтны ажлын гүйцэтгэлийг дүгнэхдээ тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, санаачилгыг нь харгалзах ёстой



"Тогтвортой хөгжлийн боловсролын төлөө хамтын санаачилга-түншлэл" цахим чуулга зөвлөгөөн маргааш 5 дугаар сарын 4-нд “Хүүхдийн эрх-Эрүүл, аюулгүй, ногоон сургалтын орчин” хэлэлцүүлэг болж, “Бүх түвшний тогтвортой хөгжлийн боловсролд тулгарч буй онол, практикийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал, 5 дугаар сарын 6-нд “Өсвөр үеийнхний дуу хоолой- Байгаль орчны залуу сурвалжлагч” хүүхэд залуусын форумаар, 7-нд “Тогтвортой хөгжлийн төлөөх загвар сургууль-Жижиг төсөл санаачилга” хамтарсан хэлэлцүүлгээр тус тус үргэлжилнэ.  


Холбоотой мэдээ