Төсвийн алдагдал 2024 оны эцэст ДНБ-ий 2 хувьтай тэнцэх хэмжээнд буурна гэж тооцоолжээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-05-04 18:38:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.


УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу төсвийн хүрээний мэдэгдлийг жил бүрийн 6 дугаар сарын 1-ний дотор баталдаг. Хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Дэлхий нийтийг хамарсан Коронавируст цар тахлын улмаас манай улсын эдийн засаг 5.3 хувиар агшиж, төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөг болжээ. УИХ, Засгийн газраас цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, бизнесийг дэмжих, эдийн засгийг сэргээх зорилгоор төсвөөс 2020 онд 2.4 их наяд төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан. Харин 2021 онд 2.7 их наяд төгрөгийн ажил төлөвлөн хэрэгжүүлж байна.


Мөн төсөв, мөнгөний бодлогыг оновчтой болгох, Засгийн газраас эдийн засгийн сэргэлтийг түргэтгэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна. Дунд хугацаанд ил тод, цахим төсвийн бодлогын эрс шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, төрийн өмчит компаниудыг шинэчлэн, бүтцийн өөрчлөлт хийж, засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, уул уурхай, экспорт, ложистикийн татварын орлогыг бүрэн хураан ил тод байдлыг сайжруулж, далд эдийн засгийн хумьснаар татварын бааз суурийг өргөтгөнө. Төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх төсвийн зарлагын шинэчлэлийг хийх, төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийг дэмжих чиглэлд хийх, өрийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа Сангийн сайд танилцуулгадаа онцлов.


Түүнчлэн, "Төсвийн зарлагын чиглэлд дорвитой шинэчлэл шаардлагатай. Төрийн байгууллагын санхүүжилтийг цагийн бүртгэлээр бус хийснээр нь, цаасан тайлангаар бус бодит үр дүнгээр нь, нийлүүлсэн тоогоор бус хүрсэн чанараар нь тооцдог болохоор ажиллана" гэлээ.


Энэ хүрээнд эхний ээлжинд эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгаалал хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол зэрэг нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг салбаруудын төсвийн санхүүжилтийг хүрэх үр дүн, чанар, гүйцэтгэлд нь тулгуурлаж хуваарилах замаар төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, эдгээр салбарт зарцуулсан төсвийн нэг төгрөг бүрийг үр ашигтай болгоход чиглэсэн багц арга хэмжээг үргэлжлүүлэх юм байна.


Эдийн засгийг сэргээж, төсвийн алдагдлыг бууруулах цогц бодлого хэрэгжүүлснээр дунд хугацаанд эдийн засаг 4-6 хувиар өсөж, төсвийн алдагдал 2024 оны эцэст ДНБ-ий 2 хувьтай тэнцэх хэмжээнд буурна. Мөн Засгийн газрын өрийн ДНБ-нд эзлэх хувь 60 хувиас хэтрэхгүйгээр тогтворжино гэж тооцжээ. Дунд хугацаанд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д  эзлэх хувийг 2022 онд 3.6 хувь, 2023 онд 2.8 хувь, 2024 онд 2 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцтэй байхаар тооцсон байна.


Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Батжаргал нар төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг сануулж, дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ өсөж байгаа таатай цаг үеийг зөв ашиглаж гадаад өрийг багасгах, эдийн засгийг сэргээхэд дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжих шаардлагатай байгааг хэллээ.


Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувь нь дэмжлээ. Төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байна.

Холбоотой мэдээ