Коронавируст халдварын 1015 тохиолдол илэрч, 7 хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-04 11:05:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 1015 хүнээс коронавирус илэрчээ. 

  

Шинээр батлагдсан тохиолдлуудын 998 нь дотоодод бүртгэгджээ. Үүнийг задалбал, 895 нь нийслэлд, 103 нь орон нутагт бүртгэгдсэн бол  эмнэлгээс шалтгаалах нэг халдвар илэрчээ. Харин гадаадаас зөөвөрлөгдсөн 16 тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, Дели-Улаанбаатарын онгоцоор дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ирсэн, Энэтхэг улсын 16 иргэн коронавирусээр халдварласныг давтан шинжилгээгээр тогтоожээ. Тэднийг Дорноговь аймагт тусгаарлан эмчилж байгаа бөгөөд тус онгоцоор ирсэн 19 хүнээс халдвар илэрсэн тухай өмнө нь мэдээлж байсан юм. 


Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдлын тоо  40 396 болж байна. 

Үүнээс  нийт 24 333 хүн эдгэрээд байна. Сүүлийн 24 цагт  1401 хүн эдгэрчээ. Түүнчлэн коронавируст халдварын улмаас 57-83 насны хүн өчигдөр нас баржээ. Мөн халдвар авсан хэдий ч өөр өвчний улмаас нас барсан нэг тохиолдол бүртгэгджээ. Манай улсад коронавируст халдвараар 126 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас 4 869 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 121 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 2 717 нь хөнгөн, 1 545 нь хүндэвтэр, 486 нь хүнд хэмээн оношлогджээ.

Харин хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж буй 8 214 хүнийг өрхийн эрүүл мэндийн төвөөс хянаж байгаа аж.




Холбоотой мэдээ