Энэ онд Бээжин хотод хог хаягдал ангилан ялгах 600 станц барина

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-05-03 12:33:04

Бээжин /МОНЦАМЭ/. Бээжин хотын “Ахуйн хог хаягдлыг зохицуулах журам”-ыг шинэчлэн хэрэгжүүлж эхлээд яг нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хүрээнд 2021 ондоо багтаан тус хотод хог хаягдлыг ангилан ялгах зургаан зуун станцыг барихаар төлөвлөж байгаа аж.

    “Бээжингийн залуучуудын сонин”-д дурдсанаар, тус хотод одоогийн байдлаар 835 хороололд жишиг болсон тохижуулалтыг хийгээд байна.

    Уг журам хэрэгжиж эхлэхээс өмнө айл өрхийн хүнсний хог хаягдлыг ялгаж буй хэмжээ дөнгөж 1.41 хувьтай байсан бол одоо 20 орчим хувь болж өсжээ.

    Өнгөрсөн жилийн хувьд хотын өдрийн дундаж цэвэрлэх хогны хэмжээ 22 мянган тонн байсан бөгөөд энэ нь 2019 оны 27 700 тоннтой харьцуулахад 20.4 хувиар багассан үзүүлэлт юм.

    Түүнээс гадна хог хаягдлыг ангилах ажлын үр дүн нь өмнө төсөөлж байснаас сайн байна. Энэ оны 4-р сарын байдлаар хотын айл өрхийн хүнсний хог хаягдлын хэмжээ өдөрт 3878 тонн байгаа ба энэ нь журам шинэчлэгдэхээс өмнөх үетэй харьцуулахад 11.6 дахин нэмэгдсэн байна.

    Харин дахин боловсруулах хог хаягдлын хэмжээ өдөрт 4382 тоннд хүрсэн нь журам хэрэгжихээс өмнөх үетэй харьцуулбал 46.1 хувиар ихсэж, хог хаягдлыг дахин боловсруулах ашиглалтын хэмжээ 37.5 хувьд хүрэв.

Холбоотой мэдээ