Л.Намуунтуяа: Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийн түвшин ахиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-02 13:07:30

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн Л.Намуунтуяатай уулзаж ярилцлаа.

           

        - Манай аймагт Хэлний бодлогын салбар зөвлөл хэдэн онд байгуулагдсан бэ? Энэхүү салбар зөвлөлийн үүрэг, ач холбогдлыг ямар асуудалд чиглүүлж байна вэ?

- Аймгийн засаг дарга солигдсон учир хэлний бодлогын салбар зөвлөлийг 2021 онд бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулсан. Хэлний бодлогын салбар зөвлөлийн үүрэг бол Монгол хэлний тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн акт, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэхэд удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэгтэй ажиллаж байна. Төрийн албан хаагчид, иргэдэд монгол хэлээрээ зөв, алдаагүй сайхан найруулж бичих, албан бичгийн найруулгыг зөв хэрэглүүлэх, хос бичигтэн болох бэлтгэл ажлыг хангуулах ач холбогдолтой гэж үзэж байна.


- Үндэсний бичиг үсгийн баярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хүрээнд аймгийн салбар зөвлөлөөс ямар ажил зохион байгуулж байна?

- Энэ жилийн хувьд хэлний бодлогын салбар зөвлөл “Үндэсний өв, бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх жил” болгон зарлаж төлөвлөгөө гарган ажиллаж байна. 


Үндэсний бичиг үсгийн баярыг угтаад энэ оны 1-4 дүгээр сард дараах ажлуудыг төлөвлөн хэрэгжүүллээ.

Төрийн албан хаагчдад үндэсний бичгийн анхан, дунд шатны сургалт зохион байгуулсан. Байгууллагын өрөө тасалгааны хаяг, албан хэргийн санг үндэсний бичгээр хаяглах хөдөлгөөн өрнүүллээ. Төрийн ажлбан хаагчдаас унших, бичих чадварын гарааны болон ахиц амжилтын судалгааг авсан.

 “Үндэсний бичгийн түргэн уншигч-2021” уралдааныг дөрвөн насны ангиллаар, “Үндэсний бичгийн сайхан бичигтэн-IV” уралдааныг таван төрлөөр зохион байгуулж байна.

Үндэсний бичгийг албан хэрэгцээнд ашиглах, төрийн албан хаагчдын монгол хэл бичгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор албан хэрэгцээнд ашиглах ном товхимлыг хос бичгээр хэвлэж байна. Тухайлбал аймгийн ИТХ-ын 2020-2024 онд баримтлан ажиллах чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийг үндэсний болон  кирилл бичгээр хослуулан хадмал байдлаар хэвлүүллээ.


- Манай аймагт албан хэргийг хос бичгээр хөтлөх, бүх нийтээр үндэсний бичигт шилжихэд боловсон хүчний хувьд бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

       - Төрийн албан хаагчдаас 2020 оны 8-р сарын 25-нд судалгаа авахад 44.7 хувь нь бэлтгэл хангаагүй гэж хариулсан байсан.

Иймээс энэ оны 1-р улиралд 17 сумын 2570 төрийн албан хаагчдад 155 багш анхан болон дунд шатны сургалт зохион байгуулсан. Ахиц амжилтын судалгаа авахад унших чадварын гарааны дундаж 31.37 байсан бол ахиц 43.05 болж 11.6-гаар, бичих чадварын хувьд гараа 29.6 байсан бол ахиц 49.9 болж 20.3 хувиар ахилаа. Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг дээшилж, хос бичигтэн болох зорилтыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Ажлын байрны тодорхойлолтод үндэсний бичгийн мэдлэг чадвараа дээшлүүлэх шаардлагыг тусгаж, байгууллагын дотоод албан хэрэгт үндэсний бичиг хэрэглэх талаар зөвлөмж өгч байна.


- Ер нь зөв бичих дүрмийн журамласан толь гарснаар нийтийн эх хэлний боловсролд ямар ахиц гарч байна та үзэж байна вэ?

- Кирилл бичгээр алдаагүй зөв бичих, гар утсандаа зөв бичгийн дүрмийн журамласан толийн программ суулган хэрэглээ болгож буй ахиц байна.


- Манай аймгийн хувьд бичгийн соёлын дурсгалаа хэрхэн хадгалж хамгаалж байна. Энэ талаар хүүхдүүдэд соёлын өвийн боловсрол олгодог уу, салбар зөвлөл хэр анхаарч ажиллаж байна?

- Биет бус соёлын өвийг хадгалан хамгаалж үлдэх талаар анхаарч байгаа. Төрийн албан хаагчдын дунд “Үндэсний бичиг-Бидний бахархал” сэдэвт уралдаан зохион байгуулах удирдамж, бүтээлийн уралдааны болзол гаргахдаа орон нутгийн холбогдолтой түүх, домог, хууч яриаг бэлтгэн уламжлуулах талаар нэг үзүүлэлт оруулсан байгаа.

Манай аймгийн хувьд анхдагч алдартнаараа бахархдаг. Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас эрхлэн “Анхдагч Булган” сурах бичиг гаргаж сургалтад ашилаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн 3-5-р ангийн сурагчдад зориулсан сурах бичигт төрөлх нутгийнхаа түүх, соёл, онцлог, бахархал зэргийг тусгасан. Энэ сурах бичигт соёлын өвийн талаар бага ч гэсэн мэдлэг өгөхөөр зүйл оруулсан. “Анхдагч Булган” сурах бичгийг үндэсний бичигт хөрвүүлэн сургалтад ашиглаж байгаа санаачилга ч гарч ажил хэрэг болж байна.


- Эх хэлний өдрөөр аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлүүд үлгэр домог, ерөөл магтаалаа өвлөн уламжлуулах, сэргээн таниулах талаар аян өрнүүлсэн байсан. Энэ аяны зорилго биелсэн үү?

- Биелсэн гэдэг маань 100 хувь гэсэн үг. Харамсалтай нь тухайн сум орон нутгийн хүмүүсийн ажилдаа хандах хандлагаас шалтгаалаад харилцан адилгүй байна. Дашинчилэн, Бүрэгхангай, Хутаг-Өндөр, Булган, Тэшиг сумын сургууль, цэцэрлэгүүд энэ аянд түүчээлэн оролцсон.


- Монгол хэлний тухай хууль хэрэгжиж эхэлснээр манай аймгийн хэмжээнд монгол хэл, бичгээр хаяг хийх ажил нэмэгдсэн үү.

- Нэмэгдсэн.

- “Үндэсний өв, бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх жил” болгон зарласан энэ онд үндэсний бичгийн хэрэглээ нэмэгдэх шиг боллоо.

- Тийм ээ. Байгууллагын үүднээс эхлээд дотоод мэдээллийн самбарыг хос бичгээр хийж хэвшиж байна. Мөн төрийн албан хаагчид үндэсний бичгээр нэрийн хуудсаа хийлгэж ашигладаг боллоо.


- Ер нь сүүлийн жилүүдэд бидний эх хэлдээ хандах хандлага сайжирч байгаа нь харагддаг. Энэ талын судалгааг аймагтаа хийж байв уу?

- Судалгааг хоёр төрлөөр хийсэн. “Google form” ашиглан цахимаар авсан. Энэ учир дутагдалтай байлаа. Дараа нь “Google шийт”-ээр судалгаа авсан. Бас л бодитой биш санагдсан. Иймд хүн бүрийг нэг эх уншуулж, нэг эх бичүүлж гарааны үнэлгээг нь тогтоосон. Сургалтад хамруулаад ахицыг мөн нэг эх бичүүлж, нэг эхийг уншуулж нэг бүрчлэн тулж ажиллаж байна. 

ЕБС-ийн 12 дугаар ангийн суралцагчдын эх хэлний боловсролын ахиц амжилтын судалгааг долоон удаа авч, анализ хийн, зөвлөгөө өгч байна.

Төрийн албан хаагчдын эх хэлний боловсролд хандах хандлагад эерэг өөрчлөлт гарч байгаа. Алдаагүй бичихийг хичээн энэ үгийг яаж бичих билээ гэж асууж бичиг тоотоо төлөвлөдөг хүмүүсийн тоо олширсон нь алдаагүй албан хэрэг хөтлөхөд нөлөөлж буй гэж боддог.

Холбоотой мэдээ